images

10 баримт: Плов

Ж.Ариунгэрэл

10 баримт

2025-04-14


1. Плов гэдэг үг нь самгарьд хэлний pulaka буюу чанасан будаа гэсэн үгнээс гаралтай бөгөөд хинди хэлэнд palаu, цаашлаад перс хэлэнд polov, түрэг хэлэнд pilâv, орос хэлэнд плов болон хувирчээ.

2. Пловыг 2000 гаруй жилийн өмнө будааны эх орон Энэтхэгт үүсээд Дундад Ази, Өмнөд Ази, Ойрх Дорнодод тархсан гэж үздэг. Эртний Персэд үүссэн гэж үзэх нь ч бий.

3. Узбек, тажик, туркмен, афган, перс, азербайжанчуудын хувьд плов нь үндэсний хоол бөгөөд хурим найр, хүүхэд мэндэлсний баяр, төрсөн өдрөөр энэ хоолыг заавал хийдэг. Зарим газар пловыг элбэг дэлбэг, баян чинээлэг амьдралын тэмдэг гэж үздэг байжээ.  

4. Узбек плов нь хийх арга, орц найрлагаасаа шалтгаалан дотроо хэд хэдэн төрөл байдаг нь ферган плов, самарканд плов, хорезм плов, бухар плов, ташкент плов, кашкадарийн плов юм.

5. Монголчуудын хийдэг будаатай хуурганаас ялгаатай нь жинхэнэ пловны будааг агшаасныхаа дараа заавал жигнэдэг.

6. Зарим төрлийн пловыг цагаан будаанаас өөр үр будаа, жижиг ширхэгтэй гоймонгоор хийх нь бий. Мөн самар, үзэмтэй хийх нь элбэг. Пакистаны зарим нутагт пловыг тэмээний махтай хийдэг.  

7. 2016 онд узбек болон тажик плов ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. 

8. Пловны нэг чухал үзүүлэлт нь будааны өнгө бөгөөд сонгодог узбек пловны будаа лууван, гүргэмээсээ болж алтлаг шаравтар өнгөтэй байх ёстой гэнэ. Зарим газар мөн орц, хийх аргаасаа болж улаан будаатай байх нь бий.    

9. Энэтхэгт онцгой хүндэтгэлт баяр ёслолын үеэр  пулао хэмээх пловыг огт махгүй, жимс, ногоо, самартай хийдэг.  

10. Эртний персүүдийн утга зохиолын алдартай дурсгал болох “Шахнамэ” найраглалд пловны тухай нэг бус удаа өгүүлдэг бөгөөд энэ хоолыг хаад, жанжидын хүртдэг онцгой идээ гэжээ. Энэ хоол мөн “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т дурдагддаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.