10 баримт: Папын хэлсэн үг
10 баримт
2025-04-25
Ромын пап Францис өнгөрөгч 21-ний даваа гарагт 88 насандаа таалал төгссөн билээ. Тэрбээр XVI Бенедиктийн дараа пап ламын сэнтийд 2013 оны гуравдугаар сард сууж, энэ албыг 3055 өдөр хашсан юм. Папыг маргааш Ром хотын Гэгээн Мариагийн сүмд нутаглуулна. Амьд ахуйдаа түүний хэлсэн алдартай үгнүүдээс 10-ыг сонгон толилуулж байна.
1. Тамын талаар. “Тогтсон үзлийг биш, өөрийн боддогоо л хэлье. Би бол тамыг хоосон гэж бодсон нь л дээр гэж үздэг хүн”. ( “Catholic News” агентлагт өгсөн ярилцага. 2024 он)
2. Ижил хүйстнүүдийн талаар. “Ижил хүйстэн хүн байжээ. Бурхныг хайж явдаг, ариун цагаан сэтгэлтэй бол тэр хүнийг шүүдэг би одоо хэн бэ?” (Бразилд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр. 2013 он)
3. Дональд Трампын талаар. “Хаа байсан газраа гүүр биш хана л босгох тухай бодож явдаг хүн бол Христийн шашинтан биш”. (Мексикт айлчилж ирээд хэлсэн нь. 2016 он)
4. Украины дайны талаар. “Аль л их гэсэн гүрнүүд Украинд зэвсэг хангинуулж байна. Бүгдэд нь их гүрний өвчин бий. Их гүрнүүд ард түмнээ хоёрдугаарт тавьдаг”. (Швейцарын RSI телевизэд өгсөн ярилцлага. 2023 он)
5. Хятадын талаар. “Хятадыг ойлгоё гэвэл бүхэл бүтэн зуун хэрэг болно. Гэвч бид зуу наслахгүй нь гачлантай. Хятадын оюун баялаг, гэхдээ энэ үнэ цэнээ алдаад ирэхээрээ алддаг. Хятадыг ойлгохын тулд бид яриа хэлэлцээний замыг сонгосон, энэ замдаа үнэнч байна”. (Казахстанд айлчилж ирээд хэлсэн нь. 2022 он)
6. Хиймэл оюуны талаар. "Хиймэл оюун бол манай эрин үеийн их өөрчлөлт, хувиралтын нэг үндэс юм. Робот техник, хиймэл оюуны хөгжил хэзээ ямагт хүнд үйлчилдэг байгаасай, болж өгвөл “хүнлэг” болоосой гэж залбирья". (Сүсэгтнүүдэд зориулсан видео илгээлтдээ хэлсэн нь. 2020 он)
7. Үр хөндөлтийн талаар. "Өршөөл эрсэн түмэн амьтны залбирал хийгээд Бурхны болгоол нигүүлсэл хоёрын завсарт тотгор бүү учраасай гэж, хэвлий дэх үрээ хэн хөндүүлсэн, тэр бүгдийн нүглийг нэгийг ч үлдээлгүй хэлтрүүлэн соёрх хэмээн олон хувраг санваартанд эрх олговой". (Илгээлтийн үг. 2016 он)
8. Уур амьсгалын талаар. “Уур амьсгалын өөрчлөлт бол хүний жудаг, ёс суртахуун, тэгш эрх, нийгмийн шударга ёсны уналттай шууд холбоотой. Энэ гараг дэлхий зовж байгааг харахад хэцүү, гэхдээ зовлонгоос нь салгах бололцоо бас ч гэж байна, үгүй болохоос нь өмнө л ашиглах хэрэгтэй”. (НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад илгээсэн илгээлт. 2019 он)
9. Хэлний талаар. “Улс төрийн хэлээр биш Есүсийн хэлээр ярьцгаая”. (Италийн “Corriere della Sera” сонинд Оросын Үнэн алдартны шашны тэргүүн Кириллтэй ярилцахдаа хэлсэн нь. 2022 он)
10. Жаргалын талаар. "Хоол идээд жаргах нь эрүүл мэндэд тустай бол эр эмийн ёсны жаргал нь хайр дурлалыг улам өнгөтэй, өөдтэй болгож үр удмаа үлдээхэд тустай". (Нийтлэлч Карл Петринид өгсөн ярилцлага. 2020 он).
Гэрэл зургийн эх сурвалж: www.wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.