Б.Мөнгөнтуул сүүлийн өрөгтөө Энэтхэгийн Их мастертай тэнцлээ
Чихэнд чимэгтэй
2025-04-24
Энэтхэгийн Пүнэ хотноо Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн "Гран-При" тэмцээний тав дахь цуврал энэ сарын 14-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголоос Олон улсын мастер Б.Мөнгөнтуул оролцож гурван оноогоор аравдугаар байрт оров. Тэрбээр сүүлийн өрөгтөө Энэтхэгийн Их мастер Харика Дронаваллитай тэнцсэн бөгөөд өрсөлдөгч нь 4.5 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Пүнэгийн “Грап-При”-д шатрын дөрвөн Их мастер оролцсон нь Энэтхэгийн Хампи Конеру, Харика Дронавалли, Вайшали Рамешбабу, Хятадын Жу Жинэр бөгөөд бусад оролцогч нь Олон улсын мастер цолтой юм. Энэ тэмцээний аваргаар тав хожиж, дөрөв тэнцсэн Х.Конеру тодорч, дэд байрыг зургаа хожиж, хоёр тэнцсэн Жу Жинэр эзэлсэн бөгөөд тэрбээр ганц Х.Конеруд хожигдсон юм. Тэд ижил долоон оноотой ч онооны чанараар Х.Конеру алтан медаль авч, хэн хэн нь 15500 еврогийн мөнгөн шагнал хүртлээ. Харин гуравдугаар байрыг Энэтхэгийн Дивяа Дэшмух эзэлж 10500 еврогоор шагнуулав. Сүүлийн гурван байрыг гурван оноогоор эзэлсэн Б.Мөнгөнтуул, Алина Кашлинская, Саломэ Мэлия нар тус бүр 4000 еврогоор шагнуулжээ. Энэ цувралын нийт шагналын сан 80 мянган евро. Нэг жилийн турш үргэлжлэх зургаан цуврал тэмцээний гуравт нь арав арваараа оролцож нийлбэр дүнгээр эхний аравт орсон нь ДАШТ-д өрсөлдөх эрх авах юм. Б.Мөнгөнтуул Шымкент, Монако, Пүнэгийн тэмцээнээс нийт 141.67 оноо авч нийлбэр дүнгээр 11 дүгээр байр эзэлснээр ДАШТ-д оролцох эрх авч чадсангүй. Одоо зөвхөн Вена хотын "Гран-При" тэмцээн үлдсэн бөгөөд энэ тэмцээнд Хятадын Жу Жинэр, Тан Жонги зэрэг алдартай шатарчид оролцох буюу тэд одоогоор хоёр тэмцээнд өрсөлдөөд байгаа юм. Сонирхуулахад, Х.Конеру гурван цувралд амжилттай өрсөлдөж 279.17 оноогоор дэд байрт бичигдэж байгаа бол хоёр тэмцээнд орсон Жу Жинэр 235 оноотойгоор гуравдугаарт явж байна. Хятадын тамирчны хувьд Венийн тэмцээнд сайн оролцоод оноогоо ахиулах боломжтой. Харин таван цувралын дараах дүнгээр тэргүүлж байгаа хүн бол Оросын Александра Горячкина юм. Тэрбээр Шымкент, Монако, Никосиягийн цувралд орж 308.32 оноо цуглуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.