10 баримт: Ж.Гүррагчаа баатар
10 баримт
2025-03-22
Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн өдөр. 1981 оны гуравдугаар сарын 22-нд БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлт Холбоот Улсын иргэн, сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз 39” хөлгөөр тойрог замд гарч, дэлхийн 101 дэх сансрын нисэгч болсон билээ. Экипаж тойрог зам дахь “Салют 6” судалгааны станцад долоо хоног байхдаа дэлхийг 124 удаа тойрч, эмнэлэг-биологи, физик-техник, технологийн болон бусад 25 туршилт, тэр дундаа “Чацаргана”, “Биосфера-Мон”, “Эрдэм” зэрэг туршилтуудыг хийжээ. Эдгээр туршилтын хүрээнд сансраас авсан зураг, ажиглалтуудын үр дүнд цуглуулсан мэдээлэл нь Монголын нутгийн газар хөдлөлтийн бүс, уулархаг нутгийн мөсжилт, бэлчээр, газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийх, ландшафтын олон янз байдлыг ангилах зэрэг болон геологи-газар зүйн бусад судалгаанд нэн чухал байв. Олон улсын сансрын нислэгийн даалгаврыг амжилттай гүйцэтгэсний тул БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Ж.Гүррагчаад БНМАУ-ын Баатар цол олгосон бөгөөд 1984 онд хошууч генерал цол олгожээ.
“10 баримт” булангийнхаа энэ удаагийн дугаараар бид сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн амьдралын өөр өөр үед холбогдох 10 гэрэл зургийг толилуулж байна. Монголын хэвлэлд урьд өмнө төдийлөн гараагүй эдгээр зургийг 2011 онд Батлан хамгаалах яамнаас эрхлэн хэвлүүлсэн, Ж.Гүррагчаа, М.Цэрэнжамц нарын зохиогчийн эрх бүхий “Онцгой томилолт” номоос (редактор Ц.Онон, Я.Даваасамбуу) авсан болно.
1. Оны цэрэг. Бага түрүүч Ж.Гүррагчаа, түрүүч Б.Энх-Амгалан.
2. Н.Е.Жуковскийн нэрэмжит Цэргийн нисэхийн инженерийн академийн сонсогч Ж.Гүррагчаа, Т.Содном, Я.Даваасамбуу, Р.Акосто нар коммунист субботникт.
3. БНМАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэвт бараалхав. 1978 он.
4. Сансарт хоёр удаа ниссэн Б.Волыновын хамтаар усанд буух сургуулилалтыг Хар далайд хийж буй нь.
5. Хүүгээ сансарт үдэв.
6. Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарыг угтан авах хөдөлмөрчдийн жагсаал Буянт-Ухаагийн онгоцны буудлаас Сүхбаатарын талбай хүртэл тасралтгүй үргэлжилжээ.
7. Ж.Гүррагчаагийн гэргий Д.Батмөнх, В.Жанибековын гэргий Л.Жанибековад монгол хоол яаж хийхийг зааж буй нь.
8. Аав, ээж, хүүгийн амин яриа.
9. Ж.Гүррагчаа Куба улсын сансрын нисэгч Тамайо Мэндэсийг Монголд айлчлах үеэр.
10. Ардын жүжигчин Г.Хайдавын хамт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.