Монголын хамгийн том хүрээтэй хиргисүүр
Монголын яруу түүх
2025-04-24
Завхан аймгийн Сонгино сумын нутагт орших Айраг нуурын цогцолбор дурсгал нь манай улсын нутагт бүртгэгдсэн хамгийн том дугуй хүрээтэй хиргисүүр юм. Цогцолбор Түрэгийн үеийн уран нарийн хийцтэй хүн чулуун хөшөөтэй хоёр тахилын онгон, нуурын өмнө талд орших хас тэмдэг сийлсэн буган чулуун хөшөө зэрэг дурсгалуудаас бүрдэнэ. Хиргисүүр нь дугуй хүрээтэй бөгөөд хүрээний голч 300 м, хүрээний өргөн 16 м, голын овоолгын голч 32 м, өндөр нь 1.5 м. Нуурын өмнө талд нэгэн содон дүрслэл бүхий буган чулуун хөшөө байх бөгөөд хөшөөний арын хэсэгт дөрвөн адууны толгойг эвлүүлж эргүүлгэн хас хэлбэрт оруулан сийлжээ. Манай улсын нутагт илрүүлэн олж бүртгэсэн 1200 гаруй буган чулуун хөшөөн дунд үүнээс өөр ийм дүрслэлтэй хөшөө байхгүй юм. Айраг нуурын зүүн талд хүн чулуун хөшөөтэй тахилын хоёр байгууламж бий. Эхний байгууламжийн хөшөөний хэмжээ 1.35х33х16 см, дараагийн хөшөөнийх 1.75х22х14 см. Зүүн өмнө зүг чиглэсэн хоёр эгнээ зэл чулуутай. Энэ хоёр хөшөө нь хийц дүрслэл уран нарийн бөгөөд бүрэн бүтэн байдалтай юм. Хийц маягийн хувьд Түрэгийн үед хамаарна.
Айраг нуурын цогцолбор дурсгалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна. Одоогоор Монгол улсад Түрэгийн үеийн 620 гаруй хүн чулуун хөшөөг илрүүлэн бүртгээд байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: “Завхан” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.