images

10 баримт: “Түмэн шувуут”-ын түмэн сонин

Н.Ариунсайхан

10 баримт

2025-04-02


Монгол улсын өндөгний хэрэгцээний 40 хувийг дангаараа хангадаг “Түмэн шувуут” компанийн зохион байгуулсан танилцах аялалд манай сурвалжлагч яваад ирлээ. 20 жилийн түүхэндээ 982 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн тус компани шувууны аж ахуйгаас гадна сав баглаа боодол, малын болон тахианы эрдэс тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг ажээ. Танилцах аялалд сэтгүүлч, шүдний эмч, хүнсний технологич, барилгын инженер, хуульч, нийгмийн сэтгэл зүйч, орчуулагч, тус компанийн хувьцаа эзэмшигчид, эрдэнэшишийн тариалан эрхлэгч зэрэг олон өөр мэргэжил, сонирхлын хүмүүс оролцсон юм. Бидний танилцсан Шувуун фабрик дахь “Өндөглөгч тахианы аж ахуй-II” тахианы найм, дэгдээхийний хоёр, нийлээд 10 байртай бөгөөд 400 мянган шувуу багтаах хүчин чадалтай, жилд 85 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг байна.

1.Тахианы байр тогтмол 18-20 хэмийн дулаантай байхаас гадна агааржуулалтаа сэнсээр шийддэг ажээ. Хэрэв сэнс унтарвал тахианууд нэг цагийн дараа үхэх аюултай учир дэргэдээ нэмэлт цахилгааны эх үүсвэр буюу генератор барьжээ. Учир нь хэдэн жилийн өмнө цахилгааны төвийн шугамд доголдол гарч тог унтарснаас болж тус компани нэг дор 10 мянган тахиагаа  алдаж байсан гэнэ.

2. Ажилчдын дийлэнх нь хотын түгжрэлгүй бүс буюу Шувуун фабрик, 61-ийн гарам орчмын оршин суугчид бөгөөд зун зарим нь мориор ажилдаа ирдэг байна.  

3. Тэжээлийн үйлдвэр хоногт 150 тоннын хүчин чадалтай. Арав дахь жилдээ ажиллаж буй энэ үйлдвэр тахианыхаас гадна малын тэжээл, тэр дундаа хурдан морины тэжээл бэлтгэж дотоодын зах зээлийн 70 хувийг хангаж байна. Шувууны тэжээлийг рапсын шахдас, шар буурцаг, наранцэцэгийн тос зэрэг 7-8 төрлийн түүхий эдийг хольж хийнэ. Үйлдвэр хоногт 1-2 тонн наранцэцгийн тос тэжээлд хольдог бол тахианы 2-3 кг тэжээлд 700 гр селен багсарч хийдэг ажээ.

4. “Түмэн шувуут” компани өнгөрсөн онд 143.8 сая ширхэг өндөг зах зээлд бэлтгэн нийлүүлжээ. Тэдгээрийг бүгдийг эгнүүлэн өрвөл Улаанбаатар хотоос Германы Берлин хот орох 7981 км замтай тэнцэнэ гэнэ.

5. Тахианы аж ахуйд эхний ээлжийн үржлийн өндгийг инкубаторт дардаг байна. Энэ өндөгнүүд 21 хоногийн дараа дэгдээхий болж, өсөж томорсоор 150 хоногийн дараа өндөглөгч тахиа болж нас бие гүйцдэг. Энэ аж ахуй 100 хувь эм тахиатай бөгөөд нэг тахианаас өдөрт нэг л өндөг гардаг аж.

6. Залуу тахиа жижиг өндөг гаргадаг бол хөгшин тахиа ихэвчлэн том өндөг гаргадаг. Өндөгний хэмжээ нь усны агууламжаараа л ялгаатай байдаг бөгөөд жижиг өндөг байлаа гээд муу гэсэн үг биш юм. Эдний нэг өндөгний дундаж өндөр 5.5 см ажээ. Стресстсэн, даарсан, хоолондоо цадаагүй тахиа заримдаа өндөглөхөө больчихдог. Мөн энэ шалтгаанаар өндгөн дотор цусан толбо тогтдог ч энэ нь идсэн хүнд ямар нэг муу нөлөөгүй ажээ.

7. 720 хоног буюу хоёр жил болж, өндөглөх чадвараа алдсан эм тахиаг тамирчин тахиа гэдэг. Ийм тахиаг махны үйлдвэр рүү явуулдаг бөгөөд тамирчин тахианы махыг шөлтэй хоолонд хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Учир нь коллагений агууламж өндөр тул нялх хүүхдийг бор хоолонд оруулахад ихээхэн тохиромжтой, ядарч сульдсан хүний тамир тэнхээг сэргээх шидтэй гэнэ. Өндөглөхөө больсон ийм тахианы мах “Түмэн шувуут”-аас сард 30 мянган тонн гардаг байна.

8. Шувууны сангас, үс, шороо зэрэг гадна бохирдол үйлдвэрлэлд түгээмэл байх ч савлалтын цехэд өндгийг ариутгаж, рентген туяагаар ялгадаг болсноор хэрэглэгчдэд бохир өндөг очихоо байжээ. Мөн шувууны онцгой халдварт өвчний вакциныг нуруунд, нүдэнд, хоолойд гэх мэтээр нэг бүрчлэн хийдэг нь аюулгүй байдлын стандартыг ягштал баримталж буй хэрэг юм.

9. “Түмэн шувуут” компанийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн 2024 онд 3800-аар нэмэгдэж, тухайн жилд хувьцаа эзэмшигч нь хамгийн ихээр нэмэгдсэн ТОП-10 компанийн гуравдугаарт жагссан байна. Энэ жагсаалтын нэгдүгээрт АПУ, хоёрдугаарт “Хаан” банк оржээ.

10. Өндгийг 90 хүртэл хоног хадгалж болдог ч 14 хоногийн дотор идвэл хүний биед амин дэмийнх нь 97 хувь шингэдэг гэнэ. 14 хоногоос илүү хугацаагаар хадгалсан бол тэр хэрээр удаан чанаж байж иднэ. Өндгийг хөргөгчний аль хөдөлгөөнгүй хэсэгт хадгалах хэрэгтэй, мөн хэрэглэхдээ л авч угаахыг “Түмэн шувуут”-ынхан зөвлөв. Бусад үед угаавал хальсны хамгаалалтын давхарга үгүй болж хурдан мууддаг гэнэ шүү.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.