images

Хятадын шумбагч онгоц дээд амжилт тогтоов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     Хятадын Fendouzhe далайн гүний шумбагч онгоц өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн далайн зүүн өмнөд хэсэгт байрлах Диамантина хонхор буюу уг далайн ёроолын хамгийн гүн цэгт 10 цаг ажиллаад “Tansuo-1” шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоц дээр буцаж ирснээр түүхэн амжилт бүтээлээ. Учир нь, хүн төрөлхтөний түүхэнд анх удаа шумбагч онгоц ийм удаан хугацаанд далайн ёроолын гүн цэгт хүрч шинжлэх ухааны хайгуул судалгаа хийв. Энэтхэгийн далайн Диамантина хонхор нь 8047 метрийн гүнд байдаг. Харин Номхон далайн 11034 метрийн гүнд байдаг Марианы хонхор нь дэлхийн хамгийн гүн хонхор юм. Энэ хонхорын 10927 метрийн гүнд 2019 онд АНУ-ын судлаачид дөрвөн цаг ажиллаж дээд амжилт тогтоогоод байсан юм. Тэгвэл энэ удаагийн Хятадын далайн ёроолын судалгааны багийг тус улсын ШУА-ын дэргэдэх Далайн гүний шинжлэх ухаан, инженерийн хүрээлэн удирдан зохион байгуулж Шанхайн Жяотон, Тонжи зэрэг шилдэг их сургуулийн 56 хүнээр бүрдүүлж 2022 оны 10 дугаар сарын 6-нд Өмнөд Хятадын Санья хотоос далайд гарчээ. Үүний дараа тэд 10 мянган метрээс доош гүнд орших, гүнээрээ дэлхийд тавдугаарт орох Кердамек хонхорт Хятад, Сингапурын хамтарсан судалгааны даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ. Харин гурав дахь удаад нь Диамантина хонхорт хүрсэн нь энэ аж. Улмаар Энэтхэгийн далайн зүүн өмнөд хэсэгт ажилласан анхны судалгааны баг болсон байна. Хятадын энэхүү шумбагч хөлөг 1 дүгээр сарын 22-ны байдлаар 159 удаа шумбаснаас 25-д нь 10 мянган метрийн гүнд хүрсэн байна. Сонирхуулахад тэд Диамантина ёроолоос төмөр, манган олжээ. Мөн энэ судалгааны багийнхан далайн 5810 метрийн гүнд “Туулай жилийн сар шинийн мэнд хүргэе” гэсэн тэмдэглэгээ байршуулжээ. Уг хөлөг 22 удаа шумбасны дараа энэ оны 3 дугаар сарын эхээр Санья хот руу буцах төлөвлөгөөтэй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.