10 баримт: Наадмын хуушуур
10 баримт
2023-07-12
1. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орж монголчууд анх удаа стадион дотор наадаж эхэлжээ. Тэр үеэс хүмүүс наадмын талбай дээгүүр самрын тосонд хайрсан хуушуур зарах болсон байна. Энэ цагаас хойш хуушуурыг хүмүүс ихээр цугладаг баяр наадам, цэнгүүн, амралт зугаалгын үеэр иддэг болсноор барахгүй яваандаа "Наадмын хуушуур" гэсэн нэршил гарч иржээ.
2. Хуушуур бол монголчуудын битүү хоолны төрөлд багтдаг, Өрнө дахины улс орнуудад хийдэг махтай шарсан боовны нэг төрөл гэж болно. Хуушуур нь хийхэд хялбар, халаасан тосонд хайрч, чанаж болгодог тул амт, өнгө, үнэрийн хувьд содон, ямар ч сав, хайрцганд хадгалах, цэвэр цаас, уут, мөнгөлөг цаасанд боогоод авч явахад тохиромжтой.
3. Наадмын хуушуурын үнэ өдгөөгөөс 10 жилийн өмнө буюу 2013 оны наадмаар 600-1000 төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 2500-3000 төгрөгийн хооронд байна. Харин Хүй долоон худагт хонины махтай хуушуур 2500 төгрөг, үхрийн махтай хуушуур 3000 төгрөгийн үнэтэй байв.
4. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг, бусад наадмын үйлчилгээний газруудад 185 иргэн, аж ахуйн нэгжид хуушуур хийж худалдах зөвшөөрөл олгожээ.
5. Наадмын өдрүүдээр хоол хүргэлтийн үйлчилгээний www.toktok.mn сайт бүх рестораны наадмын хуушуурыг захиалгаар хүргэж өгч байна. Тус үйлчилгээг авахын тулд Ток Ток апп татаж суулгаад захиалж болох бөгөөд тус байгууллага “Амласан цагтаа” гэсэн уриатайгаар түргэн шуурхай үйлчилж байна.
6. Гадаадад суугаа монголчууд наадмын өдрүүдээр мөн хуушуураа зооглоно. Тухайн суугаа орон, хотдоо байдаг монгол хоолны газруудаар очиж хуушуур идэх бөгөөд сүүлийн үед гадаад хүмүүс хүртэл наадмын хуушуур амтархан зооглох болжээ. Тухайлбал БНСУ-ын Данкүүк их сургуулийн монгол хэлний ангийн оюутнууд наадмын өдрүүдээр Чонан хот дахь “Өгөөмөр” монгол хоолны газар очиж хуушуур иддэг уламжлал тогтжээ.
7. Хуушуурыг уламжлалт орц шанзаар нь махан хуушуур, таван цулын хуушуур, элэг, сүүлний хуушуур гэж ангилна.
8. Харин орчин цагийн орц шанзаар нь кимчитэй хуушуур, төмс, луувантай хуушуур, байцайтай хуушуур, бяслагтай хуушуур гэж ангилах болжээ.
9. Мөн амтлагчаар нь халиартай хуушуур, хөмүүлтэй хуушуур, халгайтай хуушуур, гурилан зуурмагаар нь бүхэл үрийн гурилтай хуушуур, бор гурилын хуушуур гэж ангилах болсон байна. Хэлбэр хэмжээгээр нь дугуй хэлбэртэй наадмын хуушуур, тал саран хэлбэртэй гэрийн хуушуур, хэмжээгээрээ жижигхэн буюу давжаа хуушуур гэсэн нэршлүүд гарчээ.
10. Хуушуурын тухай элдэв хошин яриа олон бий. Нийтлэлч Б.Цэнддоо хөдөө сумын ахлах ангийн сурагч байхдаа наадмаар хэрхэн сайхан хуушуурддаг байсан тухайгаа хошигнон өгүүлсэн байдаг. Наадмын талбай дээр хуушуурын гэрт оронгуут “За сайхан наадацгааж байна уу? Яасан халуун өдөр вэ? Манайхан тун ухамсаргүй юм аа. Өөрсдөө гэртээ хуушуураа хийгээд ирэхгүй, энэ сайхан баяр наадмын өдөр бусдыгаа ингэж халуун тос, халуун наранд шарж байдаг нь үнэхээр тусгүй. Энэ хүмүүст ядаж хүйтэн ундаа авч өгөх юм сан” гэхэд хуушуур хайран хөлсөө дуслуулан байсан эгч нар нэгэн зэрэг эргэж хараад “Ухаантай сайн хүү” гэж магтаад “Алив мөнгөө” гэнгүүт арай өөр саван дотроос намрын ирэг шиг түнтийсэн том хуушуурууд гаргаж өгдөг байсан тухай цагаахан наргисан байдаг. Эрдэмтэн Б.Ринчен хөдөө сумдаар явж байгаад замын гуанзанд орж ямар хоол байгааг асуухад тогооч “Хуушуур муушуур, шөл мөл байна” гэж хариулжээ. Б.Ринчен гуай ихэд олзуурхсан янзтай “Ээ ашгүй дээ, идэж үзээгүйгээр нь муушуур, мөл захиалъя” гэсэн гэдэг. 1990-ээд оны үеийн оюутнууд гуанзанд орж хуушуур авангуут дээш өргөж гэрэлтүүлж хараад “Төвийн нутгаар цэлмэг, баруун зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй” гэдэг байсансан.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.