images

Африкийн орнуудын Зул сарын баяр

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-30


1. Кени улсад Зул сарын баяраар гэр бүлээрээ цугларахыг чухалчилдаг тул хотоос аав ээжийнхээ амьдарч буй хөдөө тосгод руу их явдаг аж. Мөн сүмүүд, айлууд бөмбөлөг, тууз, цаасаар баярын чимэглэл хийдэг бол хот, том хотхон, их дэлгүүрүүд гаднаа хиймэл цас ашигладаг байна. Харин сантанууд нь “Land rover”, тэмээ, унадаг дугуйтай явдаг гэнэ. Тэд Зул сарын баярын маргааш бүх нийтээр амардаг.

2. Зимбабве улсын иргэд Зул сарын баяраар сүмд очсоныхоо дараа гэр бүл, найз нөхдийндөө зочилж бэлэг солилцож, баяраа хамт тэмдэглэдэг байна. Тэд ийн баярлахдаа аль болох шинэ хувцас өмсөх эсвэл хамгийн сайхан хувцсаа өмсөхийг чухалчилдаг аж. Мөн гэрийнхээ гадаа дуу өсгөгч тавьж шинэ жилийн холбогдолгүй ч өөрийнхөө дуртай дуунуудыг чангаар явуулдаг гэнэ. Гэхдээ тэдний ихэнх нь гацуур мод засдаггүй ажээ.

3. Харин Намиби улсад хамгийн халуун цаг агаартай болох үед Зул сарын баяр болдог байна. Тус улс 1884-1915 онд Германы колони байхдаа анх энэ баярыг тэмдэглэж эхэлсэн тул гацуур мод засах нь түгээмэл бөгөөд баярын өдрийн оройн зоог нь германчуудынхтай ижил юмсанжээ.

4. Гана улс 12 дугаар сарын 20-ноос эхлээд 1 дүгээр сарын эхний долоо хоног дуустал урт хугацаанд Зул сарын баяраа тэмдэглэж, төрөл бүрийн үйл ажиллагаа хийдэг гэнэ. Далайн эрэг, зочид буудал, сургуулийн цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн төв гээд янз бүрийн газруудад үдэшлэг зохиодог аж. Мөн тэд баярын үдэш үндэсний хувцсаа өмсөн сүмд очиж бөмбөр тоглож, бүжиглэдэг бол зарим нь галын наадам, үдэшлэг хийдэг байна. Ингээд маргааш өглөө нь гэртээ яаран харьж бэлгээ солилцдог гэжээ.

5. Харин Египетийн хүн амын 15 хувь нь Христийн шашныг шүтэгчид бөгөөд зөвхөн тэд л Зул сарын баярыг шашны фестиваль шиг тэмдэглэдэг байна. Учир нь тэдний ихэнх нь коптик ортодокс христийн шашинтай тул энэ баярыг их өвөрмөц тэмдэглэдэг ажээ. Тухайлбал, Зул сараа 12 дугаар сарын 25-нд бус 1 дүгээр сарын 7-нд тэмдэглэдэг бөгөөд коптик ортодокс христийн шашинтнууд 11 дүгээр сарын 25-наас 1 дүгээр сарын 6 хүртэл 43 өдрийн мацаг барьж зөвхөн веган хоол иддэг уламжлалтай гэнэ.

6. Нигеричүүдийн Зул сарын өдөр гэр бүлийн баярын өдөр гэсэн үг бөгөөд хамгийн өндөр настай хамаатан, эмээ, өвөө дээрээ очдог ажээ. Тэд Зул сарын үдэш шөнийн турш гэр бүлийн үдэшлэг хийгээд өглөө нь сүмд очиж бурханд талархлаа илэрхийлдэг. Тэдний оройн зоог нь цацагт хяруул, тахиа, үхэр, хонь, ямааны мах юм.

7.Хүн амынх нь 50 хувь католик, 25 хувь нь протестант шашинтай тул Ангол улсад энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ажээ. Тэд сүмд очиж, очиж чадахгүй нь Үндэсний телевизээрээ баярын үйл ажиллагааг үздэг байна.

8. Ботсвана улсын Зул сарын баяр мөн л жилийн хамгийн халуун үед тохионо. Хотод амьдардаг хүмүүс нь тосгон дахь гэртээ ирдэг байна. Бостванчууд үхэр, ямаа малладаг тул Зул сарын баярын өдөр айл бүр өөрийн малын хашаан дээрээ очдог бөгөөд нэг айлын малын хашаа нөгөө айлынхаас зургааан километрийн зайд байдаг ч хөршийнхөө хашаан дээр очиж хамтдаа Зул сарын дуунууд дуулдаг аж. Мөн үхэр эсвэл ямаа алж Зул сарын баярын өдрүүдээр мах элбэгтэй байдаг гэнэ. Харин зөвхөн баян айлууд л бэлэг худалдан авч нэгэндээ өгдөл бол ихэнх нь гэртээ өөрсдөө бэлэг бэлддэг гэжээ.

9. Этиоп улс египтүүдийн нэгэн адил 1 дүгээр сарын 7-нд баяраа тэмдэглэдэг бөгөөд мөн ижил 43 өдрийн мацаг барьж амьтны мах идэхээс татгалзана. Баярын өдрөөр цагаан өнгийн хувцас өмсөх бөгөөд нимгэн цагаан даавуун шаль шиг өмсгөлийг нь нетела гэдэг аж. Гэхдээ хот, томоохон тосгонд амьдардаг иргэд нь барууны хувцас өмсдөг байна. Зул сарын орой 6 цагт сүмийн үйл ажиллагаа эхэлж шөнийн 3 цагт дуусдаг. Сүмд очсон бүх хүнд лаа өгдөг бөгөөд хүмүүс тэр лааг бариад сүмийг гурван удаа тойрдог уламжлалтай аж. Үүний дараа эр эмээрээ ялгаран хоёр тойрог үүсгэхэд голд нь сүмийн хамгийн ариун газар байна.

10.Өмнөд Африкт Зул сарын үеэр цэцэгс бүрэн дэлгэрсэн нарлаг өдрүүд таарах бөгөөд сургуудиуд амарч, хүмүүс амралтад явж эхэлдэг гэнэ. Олон хүмүүс баярын өглөө сүмийг зорьдог аж. Тус улсад гацуур засаж, хүүхдүүд оймс өлгөөд Зул сарын орой сантагаас бэлэг ирэхийг хүлээдэг. Учир нь Их Британийн уламжлал энэ улсад ихэд нөлөөлжээ. Тэд өдөр нь найз нөхдөөрөө аялж, тоглож, усанд сэлдэг бол зуны оройн нартайд гадаа суугаад цацагт хяруул, нугас, гахай, үхрийн махан зоог барьдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.