images

Нигери улс алдагдсан соёлын үнэт эд зүйлсээ буцаан авсаар байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-29


     Англи улс 125 жилийн өмнө Нигери улсаас хүч түрэн авсан зургаан ширхэг соёлын үнэт өвийг  тус улсад буцааж өгсөн тухай “Guardian” сонин мэдээллээ. Лондон хотын  “Horniman” музей өнөөдөр 1897 онд Английн цэрэг эртний Бениний хаант улс (одоогийн Нигери улс)-аас хууль бусаар авсан дээрх соёлын биет өвийг Нигери улсын Төв музейн захирал Аба Тизанид гардуулан өгчээ. “Horniman” музей нь Нигери улсын хүсэлтийн дагуу өнгөрсөн 8 дугаар сард тус улсаас авсан нийт 72 ширхэг соёлын биет өвийг буцаан олгохоор тохирсон бөгөөд эхний удаад ийнхүү зургаан ширхэгийг буцааж буй ажээ. Үлдсэн хэсгийг нь нэг жилийн дотор өгөхөөр болсон байна. “Horniman” музейн захиргаа засгийн газар, орон нутгийн удирдах газар, соёлын салбарын эрдэмтэд зэрэг холбогдох байгууллага, хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр дээрх шийдвэр гаргажээ.  Бусад улс орноос ямар нэгэн арга замаар олж авсан соёлын өвийг өлгий нутагт нь буцааж өгч буй нь Англи улсын хувьд анхны тохиолдол хэмээн дээрх сэтгүүл мэдээллээ. Тухайн үед Англи улс  Бениний хаант улсаас соёлын өв, үнэт эдлэл зэргийг хүч түрэн авч цэргийн дарга нарт хувь хүртээх, дуудлага худалдаанд оруулж борлуулах зэрэг зүй бус үйлдэл хийж байсан бөгөөд үүнээс улбаалан 16-18 дугаар зууны үеийн Бениний хаант улсын үнэт өв болж байсан хүрлийн үеийн олдворууд Европын олон музейн эзэмшилд очжээ. Сүүлийн жилүүдэд бусад улс орноос хүч түрэн авсан соёлын үнэт өвийг эх нутагт нь буцаан өгөх ёстой тухай шүүмжлэл, шаардлага гарах болсноос үүдэн Франц улс хоёр жил орчим хэлэлцээр хийсний эцэст Бениний хааны ёслолын сэнтий зэрэг үнэт үйлсийг Нигери улсад буцаан өгч байсан юм. Мөн энэ жилийн эхээр Герман улс хоёр өвийг Нигери улсад буцаан өгсөн төдийгүй тус улсын музейнүүдэд хадгалагдаж байгаа 1000 гаруй үнэт өвийн эзэмших эрхийг Нигери улсад шилжүүлжээ. Өнгөрсөн сард Америкийн “Smithsonian” музей 29 ширхэг соёлын дурсгалт зүйлийг Нигери улсад буцаан өгөх ёслол дээр тус улсын Соёлын сайд Рай Мухамед “Эдгээр соёлын дурсгалт эд зүйлс нь бидний хэн байсныг, бидний түүх, соёл, шашин хийгээд бидний үнэт зүйлсийн үнэн түүхийг өгүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.