images

Д.Цэрэнбат: Монголын мөсөн сийлбэрчид дэлхийд тэргүүлж байна

Б.Бадамзул

Сайн хүн явснаа

2025-02-12


Хятадын Хармөрөн мужийн Харбин хотноо жил бүр болдог цас, мөсөн сийлбэрийн олон улсын уралдаанд Монголоос хамгийн олон удаа оролцсон сийлбэрч Д.Цэрэнбаттай ярилцлаа. Энэ жилийн уралдаанд тэрбээр сийлбэрч Б.Баярсайханы хамт мөсөн сийлбэрийн төрөлд оролцож “Тайга” бүтээлээрээ дэд байр эзэлсэн юм.

   Олон улсын цас, мөсөн сийлбэрийн тэмцээний удирдамж зургаа, долоодугаар сард гардаг. Харин Харбины тэмцээний зар есдүгээр сард гардаг, тэмцээнд оролцох саналаа, эскизийн хамт тэр үед нь явуулдаг юм. Явуулсан эскиз маань шалгарч байж тэмцээнд оролцох эрхтэй болно. Гэхдээ монголчуудыг нэг их өндөр шалгуур тавихгүйгээр оролцуулдаг. Монголчууд очоод чансаатай бүтээл хийж чаддаг болохоор эскизээ юу юугүй ирүүлэхийг шаарддаггүй юм. “Ямар ч байсан аравдугаар сардаа багтаагаад өгчихөөрэй” л гэнэ, арай зөөлөн ханддаг гэх үү дээ. Эхний шатанд 50-иад орноос эскиз ирүүлдэг шиг байгаа юм. Тэндээс гуч гаруй орны уран бүтээлчийг шалгаруулна. Зарим орон хамтарч нэг багаар оролцох нь бий. Багадаа л 30 баг өрсөлддөг юм. Энэ жилийн мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын дөрөв, цасан сийлбэрийн тэмцээнд хоёр баг оролцсон.

  Бид Харбинд очоод зөвхөн тэмцээнд оролцох төдийгүй хажуугаар нь давхар ажиллах боломжтой болж байгаа. Намайг тийшээ явахаас өмнө буюу 12 дугаар сарын аравд гэхэд манай найман уран бүтээлч Харбинд оччихсон байсан. Тэр хэд маань тэнд ажил хийгээд тэмцээн дуусах үеэр биднээс зөрөөд Монголдоо ирсэн юм. Харин З.Ганжаргал, Х.Алтанхүү, Т.Баттулга, Т.Жанарбек, Б.Баярсайхан, Ц.Базаррагчаа, Д.Мөнхбаатар бид араас нь очсон. Мөсөн сийлбэрийн тэмцээн нэгдүгээр сарын 2-нд эхлэх байсан болохоор оны өмнөхөн эндээс хөдөлсөн. Дөрөв нь онгоцоор, дөрөв нь газраар. Очоод мөсөн сийлбэрийн төрөлд З.Ганжаргал, Х.Алтанхүү нар түрүүлсэн бол Б.Баярсайхан бид хоёр “Тайга” нэртэй бүтээлээрээ дэд байр эзэлсэн. Бид хоёрын энэ жилийн мөсөн сийлбэрийн бүтээл ажиллагаа ихтэй. Ноднин энэ эскизээрээ Хөвсгөл аймагт болсон Үндэсний мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн юм. Тэр бүтээлээ Харбинд сая дахиад хийсэн. Ажил ихтэй, яаруу байсан учраас бэлэн эскиз явуулчихсан нь тэр. Хийц нь Монголд хийснээсээ хамаагүй сайжирсан. Гэхдээ өмнө нь хийсэн юмаа дахиад хийсэн учраас оноо хасуулж магадгүй байв.

Харбины тэмцээнд үзүүрлэсэн "Тайга" бүтээл.

Ямар мөс таарахыг тэр өдрийн тэнгэр мэднэ

   Харбины мөсөн сийлбэрийн тэмцээн мультиблок гэдэг төрөлтэй байснаа энэ жил больсон байна. Мультиблок гэдэг нь уртаашаа 1.5, өргөөшөө нэг метр 10 ширхэг мөсийг нийлүүлж бүтээлээ хийдэг төрөл юм. Сая синглблок буюу нэг том мөсөөр сийлбэр хийж уралдлаа. Энэ төрөлд хоёр хүн нэг баг болж оролцдог. Цасан сийлбэрийн төрөлд бол дөрвөн хүн нэг баг болно. Бид хоёр өдөр хагасын дотор бүтээлээ хийх ёстой. 2х2 метр хэмжээтэй мөс өгдөг юм. Тэр мөс нь байгальд яаж хөлдсөн тэр чигээрээ буюу зарим нь цуурч хагарсан, эсвэл цайрсан байна. Тийм учраас мөсөө сугалаа сугалж авна. Ямар мөс таарахыг ёстой тэр өдрийн тэнгэр мэднэ. Цайрсан мөсийг ухаж болдоггүй. Маш тунгалаг мөсөн дээр л цаанаас нь ухсан зохиомж гоё харагддаг юм. Монголын мөс цэнгэг усных болохоор маш гоё тунгалаг байдаг. Улаанбаатарт хийсэн юмыг утаа тортог дарчихдаг нь хэцүү. Энэ жил Харбины мөс маш их цайсан байна. Тийм болохоор цаанаас нь ухсан бүтээлтэй баг байсангүй. Ер нь бол эскизээ урьдаар явуулдаг ч, сугалаагаар ямар мөс таарахаас хамаараад, хийх аргаа өөрчлөхөд хүрдэг гэсэн үг. Ийм асуудал тулгарсан учраас эскизээ солъё гэж бас болно. Жишээ нь, 2020 онд манайхан цасан сийлбэрийн төрөлд алтан медаль авсан юм. Тэр жил манайхаас гурван баг орсноос, сүүлдэж ирсэн нэг нь эскизгүй оччихсон байв. Австралид түймэр гарсан үе таарсан тул би нөгөөдүүлдээ “Яг одоо болж байгаа халуун сэдвээр хийвэл юманд хүрч магадгүй шүү” гэлээ. Ингээд З.Ганжаргал маань тэр сэдвийг барьж аваад өндөр оноогоор түрүүлсэн юм. Зохион байгуулагчид “Маш хурдтай сэтгэж зохиомжоо гаргаж чадлаа. Яах аргагүй нэгдүгээр байр” гэж билээ.  

   Тэмцээний гол шалгуур нь мөс ашиглалт болон тэнцвэр байдаг. Авсан мөснөөсөө жижиг юм хийсэн бол оноо авахгүй. Тэгэхээр 2х2 метр хэмжээнд захирагдахгүй аль болох том бүтээл хийнэ. Хөрөөдөж авч болох газраас нь хөрөөдөж аваад тэрийгээ хажуу тийш нь наагаад томруулж болдог. Хэмжээндээ баригдахгүй гэдэг нь тэр. Мөсийг хүйтэн усаар эвийг нь сайн нийлүүлж наадаг юм. Арван хэмээс илүү хүйтэнд мөс сайн наалддаг. Жишээ нь, Германд ч юм уу, арай дулаахан оронд очихоор мөс гадуураа ууттай ирдэг. Уутыг тайлуутаа хүйтэн байгаа яг тэр үед нь наах юмаа нааж амжихгүй бол наалт авахаасаа өнгөрнө. Тийм болохоор бүтээлээ нарийн төлөвлөгөөтэй хийдэг. Харбинд бол угаасаа хүйтэн учраас наалдахгүйн зовлон байхгүй. Цаг агаар нь Монголтой л адилхан. Энэ жил өдөртөө арван хэд, оройдоо хорин хэдэн хэмийн хүйтэн байлаа.

   Бүтээл мөн зөвхөн хавтгай биш нэлээд орон зайтай байх ёстой. Эзэлхүүнт, хагас болон бүтэн товгор гэх мэт сийлбэрийн олон төрлийг хамтатгаж, бүрэн ашиглаж бүтээл хийвэл сайн оноо авдаг. Зохиомж, нэр, тайлбар нь оновчтой, хоорондоо авцалдаатай байх ёстой гэсэн дүрэм ч бий. Зохиомж нь хүний сэтгэлд хүрсэн агуулгатай, харагдац нь гоё байх ёстой юм. Бүтээлийг хийхэд хэр их цаг зарцуулах нь зохиомжоос хамаарна. Ажиллагаа багатай хэрнээ гоё зохиомжтой бол хүч их шаардахгүйгээр цагаасаа өмнө бүтээлээ дуусгах боломж бий. Ажиллагаа ихтэй бол хоёр өдөр хагас богинодно. Гэхдээ цагаасаа өмнө дууслаа гээд оноо нэмэгдэхгүй. Харин хугацаандаа багтахгүй бол оноо хасагддаг юм. Бид өглөөний есөн цагаас оройн 18 хүртэл ажиллах ёстой. 12-13 цагийн хооронд хоолоо иддэг. Тэгээд 19-20 цагт оройн хоолоо идээд амарна.

Дөрвөн метр өндөр цасаар бүтээл хийж уралдана

   Харбинд усыг цас болгодог буу ашигладаг юм билээ. Дөч, тавин буугаар хийсэн уул овоо шиг их цасыг урьдаар бэлдсэн хэв хашмал руу ковшоор хийгээд дагтаршуулдаг. Хэв хашмалд хийсэн цас удах тусмаа сайн нягтаршина. Цасны нягтаршил ямар ч байж болох учраас цасаа мөн л сугалаагаар авдаг. Гэхдээ Харбины цасны нягт харьцангуй гайгүй. Бүтээл хийх явцад голоос нь нүх гараад ирвэл цасаар чигжчихдэг. Бидэнд өгдөг цас өндрөөшөө дөрөв, урт, өргөн нь тус бүр гурван метр. Цасны өнгөн хэсгийн эхний 10 см хөлдсөн байдаг. Юмаа хийгээд цоолоод эхлэнгүүт дотогшоогоо зөөлөн болоод эхэлнэ. Өнөөдөр юмаа цоолж орхичхоод маргааш нь үргэлжүүлэхэд гадна тал нь дахиад хөлдөөд хатуурсан байна. Цасны сийлбэрт харин олон багаж хэрэггүй. Мөсөнд ашигладаг арзгар цүүц, маажууран цүүцийг гол төлөв ашиглана. Мөн үрэгч хэрэглэнэ.      

   Шүүгчдийн заавал хардаг нэг үзүүлэлт бол цас ашиглалт. Мөстэй адил хэт жижиг бүтээл хийж болохгүй гэсэн дүрэмтэй. Цасаа дээр дээрээс нь давхарлаж наагаад том бүтээл хийж болно гэсэн үг. Цасыг дээр дээрээс нь давхарлачихаар дагтаршиж наалддаг. Түүнээс биш ус ашиглана гэж байхгүй, Харбины тэмцээнд. Ашиглавал оноо хасна. Энэ жил Харбинд З.Ганжаргал, Х.Алтанхүү, Т.Баттулга, Т.Жанарбек нар “Competition” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлсэн. Б.Баярсайхан, Ц.Базаррагчаа, Д.Мөнхбаатар бид дөрөв “Нөмөр” бүтээлээр оролцсон. Монголчууд Харбины цасан сийлбэрийн тэмцээнээс одоогоор нэг алтан медаль аваад байна. Мөсөөр бол дөрвөн алт авсан.

"Нөмөр" бүтээл.

Биднийг буцаж ирээд бүтээлээ дахин хийж өгөхийг хятадууд хүссэн

   Бидний хийсэн бүтээлийг жуулчдад үзүүлдэг. Олон улсын сийлбэрчдийн бүтээлийг хүмүүс сонирхож үзэх гэж мөнгөө төлж байгаа хэрэг. Гэхдээ хурц нартай байвал бүтээлүүд гурав хоногт хайлаад дуусчихдаг юм. Цас бол хайлахаараа харлаад хонхойгоод орчихдог. Энэ жил дулаахан байгаа болохоор Харбины том том мөсөн байгууламжуудын наран тал цуурч нурах шахаж нэлээн сандаргана лээ. Одоо буцаад хүйтрэхээр хэсэгтээ тогтох байх. Тэнд Азийн өвлийн наадам удахгүй болох гэж байсан болохоор мөсөн хотхоноо сайжруулсан. Сая биднийг харьж ирсний дараа араас “Буцаж ирээд, хийсэн бүтээлээ дахиад хийгээд өгөөч” гэж гуйна лээ. Ажил их байгаа болохоор амжихгүй гэдгээ хэлсэн. Хөвсгөлийн “Хөх сувд” наадам, “Мазаалай” мөсөн хотхон хийх гээд ажлууд байна. Монголын хамгийн том мөсөн хотхон “Мазаалай”-г мазаалайг хамгаалах үйлсийг сурталчлах зорилгоор өнгөрсөн жилээс бүтээж байна. 2024 онд “Sky Resort” баазад хийсэн бол энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийнэ. Цэцэрлэгт хүрээлэн илүү гоё орчинтой. Нийслэлийнхэнд ч ойрхон. 

   Миний хувьд Харбины тэмцээний бүтээлүүдээс монголчуудын хийснийг хасаад хэлбэл Якутын бүтээлүүд дажгүй байсан. Оросууд гайгүй юм хийдэг. Хятадууд өөрсдөө бас сайн. Латвичууд байна. Канад бас гайгүй. АНУ, Английн уран бүтээлчдийн чадвар сул. Оросын Владивостокоос ирдэг Даниель Цой гэж гуч гаруй насны залуу бий. Тэр залуу сайн бүтээл хийдэг. Бид түүнтэй Томскт модон сийлбэрийн төрөлд хүртэл өрсөлдөж байлаа. Олон улсын уран бүтээлчид ерөнхийдөө нэг нэгнийгээ дүгнэчихсэн байдаг юм. Тэр дүгнэлтээр бол Монгол нэгдүгээрт, Якут хоёрдугаарт, Орос гуравдугаарт, Хятад дөрөвдүгээрт орно. Тэгэхээр Монголын мөсөн сийлбэрчдийг дэлхийд тэргүүлж байна гэж ам бардам хэлж болно.

   Бид тэмцээнд очихоороо орос, англиар л ойлголцдог. Оросоор мэдэхгүй үгээ англиар, англиар мэдэхгүй үгээ оросоор мэдэх нь байна. Ц.Мөнх-Эрдэнэ бол англи, оросоор ярилцлага өгөх хэмжээний болсон. Хятадаар мөн ойлгодог болчихсон байна лээ. Бид хэд арай цөөхөн явж байгаа болохоор бас мартаад байна. Анх 2009 онд Харбинд очиход оросууд “Сайн ярьж байна” гэж байсан одоо бол “Яагаад ярьж чадахаа больчихов?” гэж байна лээ. Ингэж тэмцээн уралдаанд орж яваад олон танилтай болсон. Монголд болж байгаа “Мазаалай” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд ирж байгаа бүх хүмүүсийг бид таньж байгаа. Ер нь гадаадын уран бүтээлчид ч “Та нар Монголдоо юм зохион байгуулаач, бид очьё” гэдэг юм.

Харбины мөсөн барилгын хамгийн өндөр нь 12 давхар байшинтай тэнцэнэ

   Харбины мөсөн хотхоны аварга том гэж тамтаггүй. Зардал мөнгө нь тоймгүй юм билээ. Өндөр, том том мөсөн цамхагийнх нь гэрэлтүүлгийг л өргөн, өндрөөр нь тооцоолж үржүүлээд бодоход тус бүр нь 50-60 сая төгрөг болж байна. Тэрэнд орж байгаа бусад зардлыг тооцвол аймаар тоо гарах байх. Том цамхагуудаас гадна Хятадын алдартай барилгуудыг бүгдийг цас, мөсөөр босгосон байгаа шүү дээ. Нэг нь лав тэрбум төгрөг болно. Цамхаг, барилгууд нийлээд 100 гарах байх шүү. Цас, мөсөн хотхон нь маш том талбайг хамардаг. Өдөрт нэг сая хүн хүлээж авах бололцоотой.

Харбины цас, мөсөн хотхон. "Синьхуа агентлаг".

   Харбин Хар мөрнийхөө дагуу мөс олборлолтын компаниудтай. Тэр компаниуд мөсөө бэлдэнэ, тээвэрлэнэ. Тэр нь барилгын компаниудаа өвөл ажилтай байлгах зорилготой юм билээ. Тэгээд тэр том мөсөн барилгуудыг хүнд даацын том том крануудаар босгоно. Хамгийн өндөр нь гэхэд барагцаагаар 12 давхар байшингийн дайтай. Тэрийг дуурайлгана гэвэл Монголд бүү хэл дэлхийд хэцүү. Монголд ядаж нэг цамхаг хийх зардал гаргаад өгвөл бид Д.Сүхбаатарын талбайг дүүргэчих хэмжээний мөсөн хотхон хийж барна. Гэхдээ Хятадынх шиг лазер гэрэлтэй хийж чадахгүй. Ерөнхий гэрлэн тусгал оруулахгүй бол болдоггүй юм. Мөсөн хотхон хийхээр манайхан “Орчны гэрэлтүүлгийг нь сайжруул” гээд байдаг. Орчны гэрэлтүүлэг хэт их байхаар мөсөн хотхоны гэрэлтүүлэг харагддаггүй. Тийм учраас мөсөн хотхоны гэрэлтүүлэг хүчтэй, орчных нь бараан байх тусмаа өнгөлөг харагддаг. Гэтэл орчныг нь гоё гэрэлтүүл гээд байхаар тэр нь өдөр ямар харагддаг, шөнөдөө тийм л харагдана шүү дээ.

   Харбин манай улсын жилийн төсөв шиг хөрөнгөөр мөсөн хотхон хийчхээд зардлаа нөхөөд, ашиг олоод байна. Нэг хүн 300 юань төлж орно. Тэгээд гулсуураас авхуулаад тоглоом бүр дээр үнэ төлж байгаа. Хүүхдийн тоглоом нь олон янз. Энэ жил 10 гаруй замтай 512 метр мөсөн гулсуур хийсэн байна лээ. Тэнд зөвхөн мөсөн хотхон бүтээхээр 150 мянган хүн ажиллаж байна гэсэн. Аюулгүй байдлыг нь хянаад хүмүүсийг ийшээ тийшээ яв гэж заадаг, эвдрэл гэмтлийг нь ажигладаг хүн гэхэд л хэдэн зуу. Том цасан бүтээл дээр нь 40, 50 ковш явж байдаг. Тэр том бүтээлүүдийг хийх бол их зардалтай. Биднийг “Харбиных шиг юм хийчхээд та нар том ярь” гэдэг. Гэтэл Харбиных шиг том хотхон хийнэ гэвэл Монгол даяараа хөдлөөд ч барахгүй.

Харбины тэмцээнд оролцсон сийлбэрчид, 2025 оны нэгдүгээр сарын 09.

   Харбины уралдаанд би 2009, 2011, 2013, 2014, 2018, 2020 онд оролцсон. Ковидын өмнө явснаас хойш таван жилийн дараа сая очлоо. Биднийг анх очиход Харбин Хар мөрнийхөө зүүн эрэгт байсан. Дараа нь очиход баруун эрэг дээр нь шинэ Харбин хот байгуулж байв. 2014 онд шинэ Харбинд барьсан зочид буудлын үүдэнд нээлтийн арга хэмжээнд зориулсан мөсөн хотхон хийхэд оролцсон юм. Гэтэл сая тэр зочид буудалд хоол идэхээр очиход маш том хотын дундуур явсаар байгаад хүрч байна. Шинэ Харбин маш том хот болж. Харбины хүн ам арван хэдэн сая гэдэг байх шүү. Ер нь муу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг “Хятад муу” гэж хэлэх арга алга. Хятадаас авах юм их байна. 2009 онд бид Харбин явахдаа Жининиэр дайрсан юм. Тэгэхэд шинэ Жининь хотыг босгож байлаа. Шинэ хот руугаа хуучин хотынхоо айлуудыг нүүлгэж шууд байранд оруулаад, хуучин хотынхоо гоё газруудыг яг байгаагаар нь авч үлдээд бусдыг нь бүгдийг нь газартай тэгшлээд хаячихсан. Хятад яг л ийм маягаар хөгжиж байна. Дэд бүтэц нь стандартын дагуу. Барилга байгууламж нь замаасаа цаад зах нь 20 метр хол. Явган хүний зам гэхэд цэлийсэн л юм байж байгаа. Харбин дөрвөн метротой. 2014 онд Харбин-Бээжин чиглэлд хурдан галт тэрэгтэй болж байсан. Сая Харбин-Чунцин чиглэлд хурдан галт тэрэгтэй болсон байна. Бид явахдаа Хөххотоор дамжиж ниссэн бол буцахдаа Бугатаар ирлээ. Өмнө нь Монголоос Бугат, Бугатаас Харбин чиглэлд нислэг байгаагүй.

Алунгоо эхийг сийлж авсан алтан медаль

   2014 онд мөсний сийлбэрийн мультиблок төрөлд “Дэлхийн эх” бүтээлээрээ Харбинаас анхны алтан медалиа авч байлаа. Монгол хүн анх удаа түрүүлж байгаа нь тэр. Мөн л Хөвсгөлийн уралдаанд хийсэн “Алунгоо эхийн домог” гэдэг бүтээлээ сайжруулаад оролцсон юм. Монголд таван хөвгүүнийг нь Алунгоо эхийн хувьд хүүхдүүд нь боловч бидний хувьд өвөг дээдэс гэдэг утгаар нь хүн чулуугаар төлөөлүүлэн хийгээд түрүүлж байсан бол Харбинд Алунгоо эхээр сүү өргүүлж, таван хөвгүүнийг нь дэлхийн бөмбөрцөг болгож хийсэн. Тэгээд тайлбараа “Дэлхийн хүн төрөлхтөн ямар ч улс үндэстэн хамаарахгүйгээр эх хүн үр хүүхэд, дэлхийн сайн сайхны төлөө дандаа л цагаан сүүгээ өргөж байдаг” гэсэн юм. Тэр жил манайхан алт, мөнгө, хүрэл медаль зэрэг авч энд шуугиулсан даа. Тэрний дараа очихдоо “Аялгуу” гэдэг бүтээлээр синглблок төрөлд алтан медаль авсан. Ер нь бол зөвхөн мөсөн сийлбэрийн тэмцээнээс мөнгөн медаль лав гурвыг авсан. Хүрэл медаль ч дөрөв, таван удаа авчээ. Харин цасан сийлбэрээр хоёрдугаар байранд нэг, гуравдугаар байранд хэд хэд орсон. Бас “Шилдэг ур чадвар” шагналыг гурав, дөрвөн удаа авсан юм байна.

Дахиад тэмцээн, дахиад шагнал

   Ажил хийхээр түрүүлж очсон хэдтэйгээ цас, мөсны хоёр тэмцээн дууссаны дараа буюу нэгдүгээр сарын 9-нд уулзсан юм. Тэгээд долоо нь үлдэж, ес нь Монгол руу буцав. Үлдсэн нь долоогийн дөрөв нь цаашаа Чунцин явж мөсөн сийлбэрийн симпозиумд оролцсон юм. Харин Б.Баярсайхан, Ц.Базаррагчаа бид гурав наана үлдээд Хармөрөн мужийн мэргэжлийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд оров. Тэр тэмцээнд манай хоёр, Оросын нэг баг мужийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Нийт 22 баг буюу 66 сийлбэрч оролцсон. Тэмцээн мөн л хоёр өдөр хагасын хугацаатай. Бид хэдийг өглөө есөн цагаас орой 17 цаг хүртэл уран бүтээл хийлгэж, дунд нь үдийн хоолонд оруулж байсан. Орой 17 цаг болонгуут биднийг “Багажаа хураа, явъя” гэж байгаа хэрнээ хятадууд нь үргэлжлүүлээд шөнө хонож ажиллаж байсан нь шударга бус санагдсан. Ажлаасаа буугаад явж байхдаа хүмүүсийн бүтээлийг хараад “Амжих юм болов уу даа” гээд өнгөрөхөд өглөө нь ирэхэд бараг дуусгачихсан байна. Гэхдээ бид тэндээс “Шилдэг бүтээл” гэдэг шагнал авсан. Өмнөх нь олон улсын тэмцээн учраас сул багууд байх магадлалтай байсан бол сүүлийн тэмцээнд Хятадын шилдгүүд оролцсоноор хамаагүй өрсөлдөөнтэй болсон. Нэг зүйл харсан нь, Хятадын таван уран бүтээлч нийлээд дөрөв хоногт хийдэг бүтээлийг Монголын гурван бүтээлч хоёр хоногт хийж байна.

Харбины тэмцээнээс энэ жил авсан шагнал.

Анхны тэмцээндээ сүх бариад очиж байв

   Мөсөн сийлбэр хийхэд олон багаж ордог. Цахилгаан болон гар багаж гэсэн хоёр төрөл байна. Гар багаж нь дотроо цүүцэн, ухман гэсэн төрөлтэй. Цүүцэн нь дотроо арзгар, энгийн, ухман нь мөн адил арзгар болон энгийн гэсэн хоёр янз. Урд талдаа олон арзгар иртэй жижиг цүүцийг маажууран цүүц гэдэг. Мөн маажууран хутга гэж бий. Цахилгаан багаж нь хөрөө, зүсвэрийн гэж хуваагддаг. Багажууд дотроо 2-3 янзын иртэй, тэр нь дахиад хэлбэр янзаараа өөр өөр болоод явчихна. Модонд ашигладаг багажийн цүүцэн, ухман энгийн төрлүүдийг нь мөсөн сийлбэрт ашиглаж болдог. Гэхдээ маажууран цүүц бол мод болон өөр материалаар сийлбэр хийхэд хэзээ ч ашиглаж болохгүй онцгой багаж. Энэ олон багажийг ялангуяа онгоцоор авч явах хэцүү. Бас хувцасны аль зузааныг авч явах ёстой. Усанд норохгүй, дааруулахгүй хувцас бэлдэнэ. Гутал, хүрэм, өмд нийлээд 7-8 кг болчихдог. Түүн дээр олон төрлийн ир сайтай багаж хэрэгтэй болохоор зарим үед ачаа 25 кг-аас давж илүү тээшний мөнгө төлөх хэрэг гардаг. Бид ивээн тэтгэгч, улсын дэмжлэггүй, бор зүрхээрээ яваа улс. Байранд орж чадвал гэртээ ямар ч байсан хоосон ирэхгүй. Чадахгүй бол тэгсгээд хүрээд ирнэ дээ. Нэгдүгээр байр эзэлбэл шагнал нь 20 мянган юань байдаг. Тэрийг багаараа хувааж авна.

   Манайхан анх удаа Харбины тэмцээнд оролцохоор очихдоо ганц сүх бариад очиж байсан. Би анх 2009 онд очихдоо бас л тэгж байлаа. Гэхдээ өмнө нь очсон хүмүүсээсээ туршлага аваад автомашины нумаар арзгар цүүц хийж аваад очсон юм. Тэр нь их хүнд. Энэ мэтээр бид өөрсдөө багажаа хийдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Хятадад багажны том үйлдвэр бий. Тэндээс худалдаж авдаг болсон. Тэдний багаж үнэтэй, нэг жижиг багаж авахад л хамгийн багадаа 50-100 юань болдог. Өмнө нь тэмцээнд оролцох гээд багажнуудаа авч явахад гаалийн байцаагч “зэвсэг” гэх нь холгүй байлаа. Одоо бол тэмцээний урилгаа үзүүлээд явахад саадгүй. Мөс бол эмзэг, доргиож болдоггүй эд учраас бүтээлээ эвээр хийнэ. Цахилгаан багаж доргиох гээд байдаг талтай. Мөсний гар багажууд бол тулгаад түлхэж сийлэх зориулалттай. Цохиж ер болохгүй. Мэдээж мөс цулаараа байхад том багаж ашиглаж, ганц нэг хүчтэй түлхэж болно. Мөс нимгэрсэн, нарийн юм хийж байгаа үед огт доргиож болохгүй.

Цогбаярын шавь нар цогтой байна

      Би 2006 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн Д.Цогбаяр багшийн урланд суралцаж зураач, сийлбэрч мэргэжлээр төгссөн. Одоо сийлбэрийн үндсэн таван төрөл болох мод, чулуу, яс, цас, мөсөөр сийлбэр хийдэг. Сүүлийн үед сийлбэрийн төрлүүд нэмэгдэж, хожуу боловч Монголд элсэн сийлбэр нэвтрээд байна. Дээрээс нь би уран баримлын төрлөөр цөөнгүй хэдэн бүтээл хийсэн. Мөс, цасан сийлбэрийн тэмцээнд Хятадаас гадна Латви, Орос, АНУ-ын тэмцээнд орж байв. Түрүүн хэлсэнчлэн бид Оросын Томск руу модон сийлбэрийн тэмцээнд ороод дэд болон тусгай байранд орсон. Мөн Ангарск хотын Световка тосгоны “Лукоморье” хүүхдийн зусланд болдог модон сийлбэрийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа.

   Манай Хүүхдийн паркт мөсөн сийлбэр хийдэг байсан юм билээ. 2000 онд төв талбайд “Дэлхийн долоон гайхамшиг” гэж жижиг мөсөн сийлбэрүүд хийж байсан. 2001-2002 оны өвөл  нийслэлийн зургаан дүүрэг хоорондоо өрсөлдөж том мөсөн хотхон босгож байсан. Яг тэр мөсөн хотхоныг давж хийсэн мөсөн хотхон дахиж гарсангүй. Тэр хотхоныг зургаан дүүргээс гадна цэргийн ангиуд, уран бүтээлчдийг дайчилж байгуулсан. Анх 2002 онд Д.Сүхбаатарын талбай дээр мөсөн хотхон хийх уралдаан болоход бид ангиараа оролцож нэгдүгээр байр эзэлсэн юм. Мөсөн хотхоныг цагдаагийн хамгаалалтад авч, цэргийн ангиуд мөс таталтад оролцож байсан. Шагналын сан нь гэхэд манай ангийнхан арвуулаа оролцоод шагналаа бүгд хувааж аваад тэр жилийнхээ сургалтын төлбөрийг төлж байв. Сүүлийн үед төв талбай дээр мөсөн сийлбэр гэж нэг юм осолгүй л байх ёстой гэдэг хандлагаар хийгээд байна. Түүнээс биш 2000 оны үеийнх шиг төрөөс бүрэн дэмжиж хийж байгаа юм бага. 2002 оны уралдаанаас хойш нийслэлийн болон гадаад, дотоодын цас, мөсний олон уралдаанд оролцлоо доо. Уралдаанд оролцоод байгаа энэ хүмүүсийн олонх нь Д.Цогбаяр багшийн үе үеийн шавь нар юм. Тэр дундаа манай ангийнхан түлхүү байна. Тухайлбал, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Баярсайхан, Д.Энхбат, Б.Доржнамжил, түүний эхнэр Х.Солонго, нэлээд амжилттай явж байгаад өнгөрөгч намар бурхан болсон Г.Энх-Эрдэнэ, саяхан Денверийн тэмцээнд түрүүлсэн Б.Цэдэвдорж нар манай анги. Б.Цэдэвдорж АНУ-д амьдарч байгаа. Харин Т.Ууганбаатар чулуун сийлбэрээр дагнан ажилладаг. Ерөнхийдөө манай ангийнхан бүгд сийлбэрч болж уран бүтээлээ хийгээд явж байна. Мөсөн сийлбэрийн холбоог манай ангийн хоёр, гурван залуу нийлж байгуулсан. Одоо гишүүнчлэлтэй болгож өргөтгөхөөр ярилцаж байгаа. Холбоог маань сийлбэрчид тал талаас дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцоод явж байна. Үүний нэг жишээ нь “Мазаалай” олон улсын тэмцээн юм даа.

Модон сийлбэрийн тэмцээнд "Хун хуурын аялгуу" бүтээлээр оролцсон нь.

Нүүр зурагт: Баруун гар талаас Д.Цэрэнбат, Б.Баярсайхан, хятад орчуулагч.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.