Хөххот: Хотон ардын тойргийн лалын сүмийн минарет
Сайн хүн явснаа
2024-07-29
Хөххотын Хотон хорооллын (Хотон ардын тойрог) лалын сүмийн минарет. Минарет гэдгийг монголоор юу гэхийг, энүүний оройд гарч сүсэгтэн олныг мөргөлд дууддаг мүэззин гэгчийг нэрлэх монгол үг юу болохыг мэдэхгүй юм. Иймэрхүү зүйлийг хэлдэг аранга хэмээх монгол үг бий нь бий, гэхдээ яг үүнд таарах үгүйг бүү мэд. Манайхаар бол унзад хоолойтой хүн тэр дээр асан гараад хар үүрээс эхлэн хавь ойрын амьтныг дуудан уянгалуулдаг нь кино шийд олонтаа гардаг. Хөххот лалын хэд хэдэн сүмтэйн нэг үүнийг Энх амгалан хааны үед барьжээ. Үүнийг төдийгүй хожим хойно сэлбэн зассаныг тэмдэглэн бичсэн бололтой нанхиад үсэг бүхий хөшөө чулуу энд нэлээд хэд байна. Өвөр Монгол, тэр дундаа Хөххотод лалын шашинтнууд ийм бөөнөөрөө төдийгүй орон сүм нь хуучныхаараа ингэж байдаг гэж огт санаагүй юм. Зурагтаар “Хүрээлэн” гэж сүрхий сайхан юм олон жил хийсэн нэг нөхөр хэд хоногийн өмнө үүгээр явж малийтал инээсэн зураг хөргөө Фэйсбүүкт тавьсныг үзээд барьцах сэтгэл төрж халуун сэргэг дээр нь мөрөөр нь мөшгөж үзтэл үнэн байна аа. Хөххотод хэд хоног төөрчихөлгүй додигор явахад тэр хүний сайтар зааж хэлж мунхаг толгойн орой руу оруулж өгсөн үг туг болсныг дурдалтай, буян нь дэлгэрэг, буян орсон ч нэртэй хүн дээ.
Хятадын лалын шашинтнууд гэхээр олоон жилийн өмнө дуулж мэдсэн нэг юм эрхгүй санаанд орж хүнд яримаар болдгийг энд хуваалцсу. Хубилай хаан Юань гүрнийг байгуулаад, эрхэндээ хураасан олон хэлийн амьтныг төрийн хэрэгт зүтгүүлснийг бид мэднэ. Тэдний нэг нь Саийд Ажал Шамс ад-Дин Омар гэж байжээ. Хорезмын улсын Бухар хотын хүн. Чингис хаан Сартуулыг дайлахад нас бага байж, аль тэр үеэс хойш эцэг эхээ дагаж монголчуудад зүтгэсэн хүн бололтой байдаг. Саийд гэдэг нь зөнч Мухаммедийн шууд удмын хүмүүсийн авч явдаг өргөмж нэр. Удам сайтай хүн байж. Лав л Мөнх хаан Сычуанийг төвшитгөхөд хүчээ өгч явжээ. Сүн улс мөхөж Юань гүрэн тогтоход нийслэл Дайдуд сууж, одоогийнхоор бол Сангийн сайд хийсэн юм уу даа. Хубилай хаан 1274 онд Дали улсыг дайлж аваад түүнийг сайд тавив. Дали бол Хятадын одоогийн Юннань муж. Монголчуудаас өмнө Хятадад огт эзлэгдээгүй, нанхиад соёлын болон бусад нөлөө нэвтрээгүй, хятадуудтай харин ч нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж явжээ. Агуу их Тангийн үед ч, Сүнгийн үед ч дийлдээгүй. Монголчууд ирэхэд л сая номхорчухуй. Хүн амаараа ч, нутаг дэвсгэрээрээ ч өнөөгийн Хятадын хамгийн том мужийн нэгийг монголчууд тэдэнд ийнхүү “авч өгсөн” нь түүхэн үнэн юм.
Хубилай хаан ийнхүү Далийг аваад лал хүмүүнийг “Засаг даргаар” тавив. Мань хүн очоод бужигнуулж өгчээ. Юуны түрүүнд Күнзийн сүм байгуулав. Күнзийн соёл нэвтрээгүй байсан газар гэж дээр хэлсэн. Мөн лалын сүм олноор байгуулав. Эдгээр нь бүгд тухайн газраа анхных. Монголоороо гэдэг шиг ерөөсөө л Далигаараа байсан газар ийнхүү шинэ төрлийг олов. Лал шашинт хүн нэг ч байгаагүй газар Омар дарга шашин нэгтнүүдээ ирүүлж суурьшуулав. Ойрадын Гүүш хаан Хөхнуур, Төвдийг эзлээд “Шоргоолж мэт олон тангадын дотор ганц би яахин суух буй” гэж араасаа олон хошууд албатаа ирүүлж суулгасан шиг. Сүн улсын үед Хятадад их төлөв худалдаачин лалын шашинтнууд нэлээд тоогоор байсан боловч Юань улсын үед хэдэн зуу дахин өссөн гэж эх сурвалжуудад байдаг. Төрийн байгууллага, цэрэг арми, мөнгө санхүү, татвар, шинжлэх ухаан, тэр дундаа анагаах, газарзүй, одон орон, уран барилгын салбарт лалын шашинтнууд олон мянгаараа ажиллах болжээ. Тэдгээрийн нэг төвлөрөл нь Юннаньд үүсч маш тууштай тэлсээр Мин улсын үе хүрэв. Мин улсын анхны эзэн Жү Юаньжан лалын шашин, зөнч Мухаммедийг магтсан 100 үгтэй шүлэг бичсэн нь энэ шашинд гэнэт хайртай болсондоо биш Юань улсаас юу өвлөж авсантай нь л холбоотой байх. Өнөөдөр Хятадын хамгийн өмнөд муж Юннань лалын шашинтнуудынхаа тоогоор Шинжаан-Уйгур, Нинся, Хөхнуур, Ганьсугийн дараа тавдугаарт орж байна. (Хятад өнөөдөр 5 өөртөө засах орон, 22 мужтай)
Өнөөдрийн Юннанийн хамгийн алдартай, хамгийн бахархалт хүн бол агуу далайчин Жэн Хө юм. Юннаньд төрсөн хүн л дээ. Жэн Хө бол Хятадын Христофор Колумб, Васко да Гама, Фрэнсис Дрэйк мөн. Мин гүрэн их гүрэн. Их ч юмны үлдэс дээр боссон. ХV зууны эхэн хагаст далайн томоохон долоон экспедиц зохион байгуулсны хамгийн хол нь Африкийн зүүн эрэг хүрсэн бөгөөд эдгээрийг бараг бүгдийг Жэн Хө удирджээ. Тээр жил Юннаньд явахад мужийн удирдах хүмүүс бидэнд хоол өгснөө идэлцэхийн завсраар Жэн Хөгөө их л бахдаж ярив. Би гэгч эвийг нь олж байгаад гол хүнд нь “Жэн Хөг танайд манай монголчууд бэлэглэсэн юм шүү дээ” гээд аваад хаялаа. Тэр хүн жигтэйхэн гайхаж, над руу солиотой хүн үзсэн юм шиг харсан нь мэдээж. Тэгэхээр нь би Хубилай хаан Юннанийг эзэлсэн хийгээд, захирагчаар нь хүн томилж суулгасантай залгуулан нэг ийм түүх ярьсан юм.
1368 онд Юань гүрэн унаж монголчууд хойшоо буцсаны дараа Жү Юаньжан Юннанийг авах гэж хэдэнтээ оролдоод бүтэл олсонгүй. Хубилайн шууд удмын лян ван Базарварми Юннанийг захирч байсан бөгөөд Мин улс хэдийнэ тогтоод, Монголыг эх газар гэж үзвэл эх газраасаа бүрэн таслагдчихсан, холбоо харилцаа ч бараг байхгүй нөхцөлд бүхэл бүтэн 13 жил тэсч суусан үнэнхүү баатар сайн эр. “Чи одоо больчих оо. Хэндээ найдаж ингэдгийн. Буугаад өгчих. Амь нас, ар гэр, бүгдийг чинь батлан даая” гээд элч явуулаад байхад тоодоггүй, цэрэг оруулахаар дийлддэггүй. 13 жил шүү! Ингэж ингэж 1381 онд Жү Юаньжан гурван замаар 300 мянган цэрэг оруулж байж арай чүү Юннанийг авсан билээ. Юннань түүхэндээ анх удаа бөгөөд эгнэгт Хятадынх болж байгаа нь энэ. Мингийн цэрэг орж ирээд алахыг нь алж, талахыг нь талаад баахан амьтан олзолж авч явсны дотор хэдэн зуун лалын шашинтан, тэр дотор арван хэдэн настай жаалхүү гүйж явжээ. Өнчин тэр хүүгийн эцэг нь Юннаньд Мингийн цэрэг орж ирэхэд аль нэгнийх нь талд байлдаж байгаад үрэгдсэн гэнэ. Мингийн түүхээр олон дорвитой бүтээл, тэр дундаа “Zheng He. China and the Oceans in the Early Ming Dynasty” гэж ном бичсэн Америкийн эрдэмтэн Эдвард Дрэйерийн өгүүлэхээр бол тэр эцэг Мингийн эсрэг буюу монгол цэргийн эгнээнд байлдсан байна. Хүүгийн элэнц эцэг нь Юннанийн анхны захирагч мөнөөхөн Саийд Ажал Шамс ад-Дин Омар гэдгийг харин Хятадын олон эрдэмтэн бичжээ.
Ма овогт тэр хөвүүнийг хятад цэрэг олзолж аваад хөнгөлж, улмаар хойш аваачсаныг Жү Юаньжаны хүү, Мингийн гурав дахь хаан Жү Ди өөрт ойр авч хааны ордонд хүмүүжүүлсэн нь хожмын их далайчин Жэн Хө ажгуу. Өөрөөр хэлбэл, монголчууд Сүн улсыг мөхөөн Юанийн төрийг байгуулж улмаар Юннань газрыг их улсын нэгэн гэр бүлд нэгтгэсэн үйл явцын үр дүнд Хятадын түүхэнд мөнхөрсөн их далайчин төрсөн гэхэд буруудах зүйл байна уу? Нэг ийм зүйл ярьсанд тэр дарга баахан гайхаж сонсоод, хоол өндөрлөн хундага тулгаж дуусах хүртэл наашаа нэг л хачин хараад байж билээ.
Их Хятад орны хаана ч очсон Монголын ул мөр байж л байдаг. Миний явсан гэж хариугүй л дээ, гэхдээ очсон тэр цөөн хэдэн газарт лав ийм л байсан, ерөөсөө тийм гэдэгт нь би эргэлздэггүй. Өнөө миний энэ зургийг нь авч зогсоо лалын сүмийн өндөр асар ч миний өвөг дээдсийн аугаа их үйл хэргийн ээлжит нэгэн ул мөр мөн байхыг хэн үгүй гэх вэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.