Монголын санаачилсан Олон улсын жилийг 2026 онд дэлхий даяар тэмдэглэнэ
Утас бид хоёр
2025-02-04
Монгол улсаас Швейцар улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх төлөөлөгчийн газрын захирал Доминик Буржонтой уулзжээ. Тэд 2026 онд тэмдэглэх Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг тохиолдуулан энэ онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Монгол улс 2018 онд Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил тэмдэглэх санаачилгыг анх гаргаж 2022 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2026 онд тэмдэглэх тухай тогтоол батлуулсан түүхтэй. Энэ жилийг тэмдэглэх зорилго нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн мал аж ахуйн хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах явдал юм. Мөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг олон сая хүний амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд түлхэц болох зорилготой. Учир нь, дэлхий дахинд 100 сая малчин өрх буюу хоёр тэрбум хүн нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.