БНХАУ-д маргааш санхүүгийн гүйлгээ 3 минут зогсоно
Анд нөхдийн мэдээ
2022-12-05
Маргааш буюу 12 дугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга асан Зян Земинтэй салах ёс гүйцэтгэх үед нийт орон даяар санхүүгийн гүйлгээ 3 минут зогсоно хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ. Энэ тухай тус улсын Ардын банк болон Үнэт цаасны зохицуулах хорооноос тусгайлан мэдэгдэл хийж талийгаачид гүн хүндэтгэл үзүүлж ийм арга хэмжээ авах болсон тухайгаа мэдэгдсэн байна. Санхүүгийн гүйлгээ зогсох цаг одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ажиглагчид салах ёслол эхлэх өглөөний 10 цагаас 10 цаг 3 минут хооронд байх болов уу хэмээн таамаглаж байна. Үүнд банк, үнэт цаас, бондын гүйлгээ болон гадаад валют солилцоо хамаарах ажээ. Талийгаач Зян Земин тус улсын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, цэргийн төв комиссийн дарга зэрэг албыг хашин 1989 оноос 2002 он хүртэл төрийн эрх барих хугацаанд дотоодын эдийн засаг гурав дахин өссөн тухай тус агентлаг мэдээлжээ. Оршуулгын комиссийг Ши Жинь Пин дарга толгойлж байгаа бөгөөд салах ёс гүйцэтгэх үед нийт иргэд 3 минут чимээгүй зогсож, мөн дуут дохиолол 3 минут дуугарч тухайн ёслолыг орон даяар шууд дамжуулан үзүүлэх ажээ. Мөн тус өдөр нийт орон даяар болон гадаадад суугаа Элчин сайдын яам, Консулын газар олныг хамарсан баяр ёслолын үйл ажиллагаа явуулахгүй юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.