“Эгч дүү” ерөнхий сайд уулзав
Анд нөхдийн мэдээ
2022-12-02
Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн болон Финландын ерөнхий сайд Санна Марин нар өчигдөр Шинэ Зеландын Оклэнд хотод дээд хэмжээний уулзалт хийв. Уулзалтын дараа хоёр ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд хурал дээр Шинэ Зеландын Үндэсний радиогийн сурвалжлагч олныг хөгжөөсөн өвөрмөц асуулт асуужээ. Тэрбээр “Хүмүүс эрхэм хоёр хатагтайг нас ойролцоо, зүс царай эгч дүү нар шиг адилхан байгаа нь уулзах шалтгаан болсон болов уу гэж ойлгож байж болох юм. Хэрэв ийм асуулт ирвэл ямар хариулт өгөх вэ?” гэж асуусан байна. Ерөнхий сайд Ардерн 42 настай, Марин 37 настай, хоёулаа эмэгтэй, хоёулаа 30 гаруй насандаа ерөнхий сайд болсон зэрэг нь олны анхааралд өртөж ийм асуулт асуухад хүргэжээ. Энэ асуултад ерөнхий сайд Ардерн “Нас чацуу Барак Обама, Жон Ки (Шинэ Зеландын ерөнхий сайд асан) нар уулзахад ийм асуулт асууж байсан болов уу?” гэж хошигноод “Улс төрийн хүрээнд эрчүүд олонх байдгийг хүн бүхэн мэднэ. Харин бид хоёр жендерийн шалтгаанаас болж уулзаагүй” хэмээн хариулжээ. Үргэлжлүүлээд “Манай хоёр орон найрсаг сайн харилцаатайгаас гадна байгалийн баялаг, шинжлэх ухаан техникийн зэрэг олон салбарт хамтран ажиллах нөөц бололцоо арвин байдаг бөгөөд хүйстэй огт хамааралгүйгээр үүнийг өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг” хэмээн хариулсан байна. Ерөнхий сайд Марин мөн “Бид ерөнхий сайд учраас л уулзаж байгаа юм. Бид хоёрт ижил төстэй тал олон байгаа боловч хамтран хийх ажил түүнээс илүү олон байна” хэмээн хариулжээ. Хоёр ерөнхий сайдын хэвлэлийн бага хурал хийсэн энэхүү бичлэгийг Твиттерт 1 сая 500 мянга гаруй хүн үзжээ. Дашрамд сонирхуулахад өнөөдрийн байдлаар Европ тивд Швед, Финланд, Дани, Исланд зэрэг Хойд Европын дөрвөн орон эмэгтэй ерөнхий сайдтай бөгөөд үүн дээр Итали, Шинэ Зеланд улс мөн эмэгтэй ерөнхий сайдтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.