Солонгосын дайны баатар өөд боллоо
Анд нөхдийн мэдээ
2022-12-01
1950 - 1953 оны хооронд болсон Солонгосын дайны үед ганцаараа дайсны 50 гаруй цэргийг устгаж АНУ болон Өмнөд Солонгосын төрөөс эр зоригийн одонгоор шагнуулж байсан япон гаралтай америкийн цэргийн түрүүч Мияамүра Хироши Аризона мужид амьдарч байгаад 97 насандаа өөд боллоо хэмээн “New York Times” сонин мэдээллээ. Ахлах байлдагч цолтойгоор Солонгосын дайнд оролцож явсан тэрбээр 1951 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өмнөд Солонгосын Ёчон гацааны ойролцоо америкийн цэргийн ангид үүрэг гүйцэтгэж байх үед нь хятадын агаарын цэрэг шөнийн дайралт хийснээс олон дайчид амь насаа алдаж, зарим нь шархдан цэргийн эмнэлэг рүү хүргэгдэж одоход тэрбээр анги байрлалаа хамгаалан ганцаараа үлджээ. Тэрбээр дайсныг пулемётоор шүрших, гранат шидэх зэргээр эрэлхэг тулалдан эцэстээ буундаа жад угсарч гардан тулаанд ороод нийтдээ дайсны 50 гаруй цэргийг устгажээ. Сүүлдээ шархдан дайсанд олзлогдсон бөгөөд 1953 онд дайн дууссаны дараа суллагдсан байна. Суллагдсаныхаа дараа тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзэнхауэраас эр зоригийн одон гардаж авчээ. Үүний дараа Өмнөд Солонгосын төрөөс мөн түүний баатарлаг үйлийг үнэлж төрийн одонгоороо шагнасан байна. Шагнал гардан авч байх үедээ тэрбээр “Дайчин нөхдөө амь эрсдэхийг харж тэвчихгүй байсан. Би цэрэг хүний үүргээ биелүүлсэн. Үүнийгээ баатарлаг явдал гэж боддоггүй” хэмээн даруухан хэлсэн байдаг. 1925 онд Нью-Мексико мужид уурхайн ажилчин япон цагаачийн гэр бүлд төрсөн тэрбээр дэлхийн хоёрдугаар дайн дэгдэх үед саналаараа цэрэгт мордохыг хүссэн боловч япон гаралтай гэдэг шалтгаанаар цэрэгт элсүүлэхээс татгалзжээ. Үүний дараа ази гаралтай цэргүүдээс бүрдсэн америк цэргийн ангид пулемётчиноор алба хаах болжээ. Ийн явсаар 1950 онд Солонгосын дайнд оролцсон ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.