Ираны хөлбөмбөгийн од эх орноо орхин гарчээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-01
Ираны хөлбөмбөгийн алдарт тамирчин Али Карими иран гаралтай Америкийн комедиан Макс Аминитай хийсэн ярилцлагадаа тус улсын засгийн газрын эсрэг өрнөж буй дотоодын жагсаал цуглааныг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэхүү ярилцлага нь цахим орчинд байршсаны дараа Засгийн газрын зүгээс түүний гэр бүл, ойр дотнын хүмүүсийг нь заналхийлж сүрдүүлсэн тухай CNN мэдээлжээ. Карими бол бөлбөмбөгийн гайхамшигт ур чадвараараа “Азийн Марадона”, “Тегераны илбэчин” гэх алдар хүндийг хүртсэн, ард иргэдийнхээ дунд баатар мэт хүндлэгддэг тамирчин юм. Тэрбээр 2013 онд хөлбөмбөгийн спортоос хөндийрсөн бөгөөд одоо цахим орчинд 12 сая орчим дагагчтай ажээ. 9 дүгээр сарын дунд үеэс тус улсад Засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан өрнөхөд Карими цахим орчинд нээлттэйгээр жагсагчдыг дэмжиж, тус хөдөлгөөнийг манлайлах болсон юм. Энэ цагаас эхлэн Засгийн газрын зүгээс түүнийг залууст зохисгүй нөлөө үзүүлж байна хэмээн үзэж, элдвээр дайрч эхэлсэн тухай өөрөө ярьсан байна. Ираны эрх баригчид түүнийг эсэргүүцлийн жагсаалын гол толгойлогч хэмээн цоллож “Эх орноосоо урвагч”, “Хүчирхийлэлд уриалагч” гэж үзэн дайчлан баривчлах мэдэгдэл хүргүүлж байжээ. Тэрбээр энэ мэт дарамт хавчлагаас болж эх орноо орхин гарсан бөгөөд одоо Дубайд амьдарч байгаа ажээ. CNN Ираны холбогдох байгууллагаас энэ талаар тайлбар хийхийг хүссэн боловч тодорхой хариу өгөөгүй байна хэмээн мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.