images

Харвардын их сургуулийн хятад оюутнууд жагсаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-30


     АНУ-ын Харвардын их сургуульд суралцдаг хятад оюутнууд улс оронд нь өрнөж буй Ши Жиньпиний засаглалын эсрэг жагсаалыг дэмжиж цуглаан хийж буй тухай “АР” агентлаг мэдээллээ. Тавь гаруй оюутан сургуулийнхаа хотхон дотор, Жон Харвардын хөшөөний өмнө цугларч хятад, англи хэлээр “Бид боолууд биш, энгийн иргэд”, “Бид дарангуй засаглалыг биш ардчилсан сонгуулийг хүсэж байна”, “Ши Жиньпин огцор” гэх мэтээр уриа хашхирч, дуу дуулах зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэдгээр оюутнууд маск болон нарны шил зүүх, цагаан цаасаар царайгаа халхлах зэргээр нүүрээ нуусан байсан бөгөөд үүнийгээ нутагтаа үлдсэн гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовсонтой холбон тайлбарлаж байна. Өөрийгөө Вэй Ин хэмээн танилцуулсан нэгэн оюутан “Бид нутагтаа өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсагчдыг дэмжиж буй гэдгээ тэдэнд мэдэгдэх гэсэн” хэмээн тайлбарлав. Зарим оюутнууд маскаа тайлж нүүрээ ил гарган хөгжим тоглох зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Тайвань гаралтай Бравида Ван “Эрх чөлөөний төлөө юунаас ч үл эмээн жагсаж тэмцэж байгаа тэдгээр хүмүүс бол зоригтнууд юм” гэсэн байна. Үүнтэй ижил жагсаал Колумбын их сургуульд мөн болсон бөгөөд бусад их сургуулийн оюутнууд ч үүнд нэгдэхээр төлөвлөж буй тухай мөн ярьжээ. Хятадад цар тахлын хатуу чанга хоригийг эсэргүүцсэн жагсаал Бээжин, Шанхай зэрэг 8 том хотод, мөн Хонконгод өрнөөд байгаа бөгөөд энэ нь 1989 оны Тэнь Ань Мэний хэрэг явдлаас хойш тус улсад болж буй хамгийн том эсэргүүцлийн жагсаал хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.