Украины иргэд урдын адил Зул сарын баяраа тэмдэглэнэ
Анд нөхдийн мэдээ
2022-11-30
Украины ард иргэд дайн самууны хөлд нэрвэгдэж хүнд бэрхийг туулж байгаа ч нийслэл Киев хотод аль хэдийн Зул сарын баярын уур амьсгал орсон тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Киев хотын дарга Виталий Кличко дотоодын телевизэд өгсөн ярилцлагадаа “Зул сарын баярыг хэн ч хааж зогсоож чадахгүй. Баярыг урдын адил ёслол төгөлдөр тэмдэглэх болно. Путин ч бидний баяр цэнгэлийг булаан авч чадахгүй” хэмээн хариулжээ. Хотын дурсгалт газар болгонд гацуур суулгаж чимэглэх бэлтгэл ажлыг төрийн болон хувийн байгууллагуудын дэмжлэгээр хийж байгаа тухай тус агентлаг мэдээлж байна. Харин эрчим хүч хэмнэх үүднээс энэ жилдээ гацуур мод гэрэлтүүлэх боломжгүй байгаа тухай тус хотын Эрчим хүчний газрын дарга Сергей Коваленко мэдэгдлээ. Оросын зүгээс харвасан пуужингийн цохилтод ихээр нэрвэгдсэн тус улс эрчим хүчний хомсдолд ороод байгаа билээ. Цас орж өвлийн ид хүйтэн эхэлсэн энэ цаг үед цахилгаан станцууд пуужингийн довтолгоонд ихээр сүйдэж олон зуун иргэд цахилгаан, халаалтгүй орчинд аж төрсөөр байна. Энэ байдал ирэх оны 3 дугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тухай тус газрын дарга мэдээлсэн байна. Мөн хотын дарга Зул сарын баяраар гацуур модоо тойрон энгийн байдлаар баярлаж цэнгэх бөгөөд олныг хамарсан тоглолт, шоу цэнгээнийг энэ жилдээ хийхгүй хэмээн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.