ОХУ-д дайныг эсэргүүцсэн ээжүүд төр засагтаа шаардлага хүргүүллээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-28
Украины дайнд оролцож яваа орос цэргүүдийн ээжүүд төр засагтаа хандаж дайныг зогсоох, цэргүүдээ эргүүлэн татахыг шаардсан хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. CNN агентлагийн мэдээлснээр дайнд татагдсан цэргүүдийн ар гэр, ээжүүд тус улсын эхчүүдийн баярын өдөр болох 11 дүгээр сарын 27-ны өдөр “Feminist Anti-war Resistance” нэртэй дайныг эсэргүүцсэн олон нийтийн эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран change.org вэбсайтад уг шаардлагаа нийтлүүлжээ. Ерөнхийлөгч, Төрийн Думын Нийгмийн бодлогын байнгын хороо, Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн байнгын хороонд хаяглан илгээсэн уг шаардлагад Украинаас яаралтай цэргүүдээ татаж дайныг нэн даруй зогсоохыг шаардсан байна. Тэрхүү шаардлагад “Гамшиг зовлон, цус нулимсаар дүүрэн цэргийн тусгай ажиллагаа эхлээд 9 сар өнгөрч байна. Орос, Украинд өрнөж буй энэ эмгэнэлт явдалд сэтгэл урагдаж байна” хэмээн дурдаад “Үр хүүхдээ, гэрийн эзнээ, тэжээгчээ алдсан ар гэрийнхэнд нүүрлээд буй хүнд ачаа зөвхөн эмэгтэйчүүдийн нуруун дээр ирж байна. Амьд үлдсэн олон эрчүүд эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Засгийн газар бидэнд тэтгэмж, тусламж үзүүлнэ гэсэн хоосон ярианаас өөр юу ч хийхгүй байна. Зарим газарт дайнд явж буй цэргийн ар гэрийнхэн сумнаас хамгаалах хантааз зэргийг хувийн мөнгөөр худалдан аваад сайхан эрчүүдээ үхэл рүү үдэж өгч байна” гэх зэргээр эрс хатуу шүүмжилжээ. Улмаар Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэх тухай анхааруулга, сүрдүүлэг үе үе хийж буй нь улам айдас төрүүлж буйг дурдаад дайныг нэн даруй зогсоохыг шаардаж буйгаа илэрхийлжээ. Уг шаардлагад 4000 гаруй ээж гарын үсгээ зурсан байна. Ийнхүү дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн идэвхжиж эхлэнгүүт ерөнхийлөгч Путин өнгөрсөн 25-ны өдөр дайнд оролцож яваа цэргүүдийн ээжүүд гэх 17 хүнийг Кремльд урьж уулзсан байна. Харин дайныг эсэргүүцэгч ээжүүдийн хөдөлгөөнөөс нэг ч хүн энд уригдаагүй бөгөөд тэнд уригдсан ээжүүд “цаанаасаа бэлдэж өгсөн асуулт асууж, тохирсон хариулт сонссон” тухай шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.