Умард Солонгосын удирдагч охиноо олон нийтэд дахин харуулав
Анд нөхдийн мэдээ
2022-11-28
Өчигдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун “Хвасон-17” пуужинг амжилттай хөөргөсөн эрдэмтэд, инженер техникийн ажилтнуудтай уулзахдаа хоёр дахь охиноо дагуулж ирсэн байна. AP болон AFP агентлаг, мөн Английн “Sky News” сонин уг чухал арга хэмжээн дээр аавыгаа даган ирж хүмүүстэй дурсгалын зураг авахуулсан охин их удирдагчийн ирээдүйн залгамж халаа байж болох тухай таамаглал дэвшүүлсэн байна. Тус улсын “Korean Central News” агентлаг энэ үйл явдлын тухай “Агуу их удирдагч эрхэм хайрт үрийн хамт ирж дурсгалын зураг татуулав” хэмээн мэдээлсэн байна. Гадны ажиглагчид Ким удирдагч өнгөрсөн 18-ны өдөр охиноо анх удаа олны өмнө дагуулан гарч ирсэн бөгөөд долоо хоногийн дараа онц чухал ёслол дээр ийнхүү дахин дагуулж ирсэн нь жирийн хэрэг биш хэмээн мэдээлж байна. AP агентлаг “Цөмийн пуужин зохион бүтээсэн эрдэмтэд болон инженерүүдтэй гар барин мэндчилж аавтайгаа мөр зэрэгцэн зогсоо нь ирээдүйн удирдагч болох зам мөрөө тавьж буй хэрэг” гээд Умардын дотоодын мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн 18-ны өдөр тэрхүү охиныг “Хайрт үр” хэмээн мэдээлж байсан бол өнөөдрийн үйл явдлын үеэр “Эрхэм хайрт үр” хэмээн хүндэтгэн нэрлэснийг онцлон мэдээлэв. “Sky News” сонин “Нэг хүү, хоёр охинтой гэж яригддаг Ким удирдагч хэдхэн хоногийн зайтай болсон чухал ёслол дээр хоёр дахь охиноо олны өмнө ил гаргасан нь тэрбээр хүүгээсээ илүү энэ охиноо өөрийн залгамжлагч болгох бодолтой байж болох талтай” хэмээн мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.