Хулгайлагдсан ихэр төрүүлсэн эхтэйгээ 36 жилийн дараа уулзжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-25
36 жилийн өмнө Чили улсад мэндлээд удаагүй байхдаа хулгайлагдсан ихэр төрүүлсэн эхтэйгээ уулзсан тухай “People” сэтгүүл мэдээлэв. Элан болон Мика Нарди нар 1986 онд төрсөн бөгөөд тэднийг гурван сартай байхад нь хулгайлсан аж. Эх нь ихрийн ахыг эргэхээр эмнэлэгт очоод байхад нь эмнэлгийн ажилтнуудын нэг хүүхдүүдийг түр харж байхаар авч үлдээд тэр чигтээ зугтсан аж. Эргэж ирэхэд хүүхдүүд нь алга байсан тул эх нь цагдаад хандсан боловч хулгайч ор мөргүй болсон байжээ. Тухайн үед Чилид олон мянган хүүхдийг хулгайлж Хойд Америк болон Европт гаргасан бөгөөд ихрийг АНУ-ын Массачусетс мужийн нэгэн айлд үрчлүүлсэн байна. Хүүхдүүдээ олон жил хайсан ч үр дүнд хүрээгүй өдий хүрсэн эх нь хулгайлагдсан чили хүүхдүүдийн тухай мэдээ үзээд өнгөрсөн жил “Connecting Roots” хэмээх олон нийтийн байгууллагад ханджээ. Улмаар сайн дурын ажилтнууд ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар хүүхдүүдийг олж тогтоосон гэнэ. Ингээд тэднийг видео холбоогоор уулзуулсан бөгөөд төд удалгүй хүүхдүүд Чилид очиж эхтэйгээ уулзсан байна.
Чили улсад дарангуйлагч Аугусто Пиночет засгийн эрх барьж байсан 1974-1990 онд хүүхдийг хулгайлан хил давуулах явдал гаарсан юм. Тийн хулгайлагдаад одоо насанд хүрсэн тэдгээр хүүхдүүд төрүүлсэн эцэг эхээ олж уулзах тохиолдол сүүлийн үед нэмэгдсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.