Антонио Гуттереш: Амьдралынхаа төлөө тэмцэлд бид заавал ялах ёстой
Анд нөхдийн мэдээ
2022-11-21
Египетийн Шармь-Эль-Шейх хотод энэ сарын 6-20-ны өдрүүдэд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 27 дугаар бага хурал болж өндөрлөлөө. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш өчигдөр бага хурлыг дүгнэж үг хэлсэн юм. Тэрбээр зохион байгуулагчдад талархал илэрхийлэхийн ялдамд “Энэ чуулган эхлэхээсээ л шударга ёс, хүсэл тэмүүлэл гэсэн сэдвийн дор үргэлжиллээ” гэв. Хүсэл тэмүүлэл гэдэг нь дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр нэмэхгүй байх, шударга ёс гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөө үзүүлж байгаа ч хамгийн их хохирлыг амсаж буй улсын иргэдийн өмнө хариуцлага хүлээх юм. Антонио Гуттереш хурлаас гарсан шийдвэрийн талаар “Хохирлын сан байгуулахаар болсныг би сайшааж байна. Энэ нь тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй ч алдарсан итгэлийг сэргээхэд ихээхэн хэрэгтэй байсан улс төрийн сайн дохио” гэсэн юм. Улмаар “Хохирлын сан онцгой чухал боловч хэрэв уур амьсгалын өөрчлөлт жижиг арлыг газрын зургаас арчиж, Африк тивийг бүхэлд нь цөлжүүлж байгаа бол энэ хариулт нь биш” гэж ярилаа. Энэ хурлын үр дүнд олон улсын санхүүгийн болон хувийн хэвшлийн санхүү, технологийн байгууллагууд эрчим хүчний шилжилтийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхээр болов. Үүнийг “Энэ нь дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэн нэмэхгүй байхад бүх талууд оролцоход тусална” хэмээв. Мөн COP27 бага хугацаанд гүйцэтгэх их даалгавартай төгсөж байгааг онцлоод Парисын гэрээгээр хүлээсэн эхний зорилгуудаа биелүүлэх хугацаа аль хэдий нь талдаа орж 2030 он дөхсөнийг санууллаа. Ийнхүү Антонио Гуттереш дүгнэлтээ “Бид уур амьсгалын өөрчлөлтийн шударга ёс, хүсэл тэмүүллийн тулаанд шантарч болохгүй. Бид өөрсдийн амьдралынхаа тэмцэлд ялна, заавал ялах ёстой” гэх үгээр төгсгөсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.