Бразилийн Ерөнхийлөгч Амазоны ойг хамгаалахыг дэлхий нийтэд уриаллаа
Анд нөхдийн мэдээ
2022-11-21
Египетийн Шармь-Эль-Шейх хотод энэ сарын 6-20-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 27 дугаар бага хуралд оролцсон Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн илтгэл олны анхаарлыг татлаа. Тус улсад дэлхийн хамгийн том Амазоны ширэнгэн ойн 60 хувь хамардаг. Тиймээс “Амазоны ойг хамгаалахгүй бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюулгүй байдал гэж байхгүй” хэмээн тэр хэлжээ. Амазоны ой нийт зургаан сая хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэн орших дэлхийн хамгийн том хүлэмжийн хий шингээгч учраас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд чухал ач холбогдолтой. Мөн тэрбээр чинээлэг улсууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар тэмцэж буй ядуу буурай орнуудад зориулж 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэсэн өмнөх амлалтаа биелүүлэхийг сануулжээ. Лула да Силва Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа өмнөх Ерөнхийлөгч Болсонарагийн үед завхруулсан Байгаль орчны тухай хуулийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхээ амласан юм. Тиймээс “Амазон мөрний хандив” аяны хамгийн том хандивлагч байсан Норвеги улс хандиваа дахин өгч эхлэхээр болсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Лула да Силва 2025 онд улсдаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 30 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.