Мьянмарт гадаадын 3 иргэнийг шоронгоос суллав
Анд нөхдийн мэдээ
2022-11-17
Мьянмар улсын цэргийн дэглэм үндэсний баярын өдрөө тохиолдуулан улс төрийн хэргээр хоригдож байсан 700 гаруй хүнийг ялаас чөлөөлж гадаадын 3 иргэнийг шоронгоос сулласан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Эдгээр гадаадын иргэд нь Австралийн эдийн засагч, эрдэмтэн Син Турнел, Англи улсаас тус улсад сууж байсан элчин сайд асан Вики Боумэн, Японы баримтат киноны зохиолч Күбота Торү нар ажээ. Эрдэмтэн Син Турнел нь тус улсын “Мьянмарын хөгжлийн хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Ан Сан Сү Чи-гийн эдийн засгийн зөвлөх хийж байжээ. Цэргийнхэн төрийн эргэлт хийж засгийн эрх авсны дараа түүнийг баривчлан төрийн нууц задруулсан хэргээр 3 жилийн хорих ял өгөөд байсан юм. Вики Боумэн нь 2002-2006 онд тус улсад суух элчин сайдаар Англи улсаа төлөөлөн ажиллахын зэрэгцээ иргэний нийгмийн байгууллага байгуулж байжээ. Цэргийн засаглал түүнийг цагаачлалын хууль зөрчсөн хэргээр 1 жилийн хорих ял оноосон юм. Харин баримтат киноны зохиолч Күбота Торү цэргийн дэглэмийн эсрэг өрнөсөн жагсаал цуглааныг сурвалжилж яваад баривчлагдсан байна. Өнгөрсөн хугацаанд Англи, Австрали, Японы засгийн газраас тус улсын цэргийн засаглалыг эрс шүүмжлэн өөрийн иргэдээ суллахыг удаа дараа шаардаж ирсний ачаар тэд ийнхүү суллагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.