images

Эртний баскууд бичиг үсэгтэй байсныг нотлов

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-11-16


     Испанийн хойд хэсэгт орших шавар тоосгон байшингийн доороос 2000 гаруй жилийн настай хүрэл гар олджээ. Үүнийг эрдэмтэд “Ирүлэгийн гар” гэж нэрлэсэн бөгөөд баск хэлний гарал үүслийг судлахад тусална гэж таамагласан байна. Хачирхалтай олон тэмдэгт сийлсэн, хавтгай дээр бодит мэт дүрсэлсэн бичээсүүдээс шалтгаалж эрдэмтэд дэлхийн хамгийн нууцлаг олдворын нэгээр нэрлээд байгаа юм. “Ирүлэгийн гар”-ыг өнгөрсөн жил Памплона хотын ойролцоо малтлага хийж байсан археологчид олсон ч саяхнаас нууцыг нь тайлжээ. Тус гарыг олохын тулд “Аранзади” шинжлэх ухааны нийгэмлэгийн археологичид 2017 оноос хойш малтлага хийсэн бөгөөд мэргэжилтнүүд  гар болон түүний бичээсийг Прото-Баск хэлний хамгийн эртний бичмэл хэлбэр гэсэн байна. 

     Эрдэмтэд өнөөг хүртэл зоосон дээрх үгийг эс тооцвол баскууд бичгийн хэлгүй гэж үздэг байсан бөгөөд ромчууд латин цагаан толгойг нэвтрүүлсний дараа л бичиж эхэлсэн гэж тайлбарладаг байжээ. Гарын нууцыг тайлсан мэргэжилтнүүдийн нэг Барселонагийн их сургуулийн профессор Хавьер Велаза “Энэхүү нээлт нь баск хэл бичиг үсэгтэй байсныг эцэслэн баталлаа. Бичээс олдсон газарт хүмүүс баск хэлээр ярьдаг байсан нь тодорхой. Энэ бичээсний эхний үг нь орчин үеийн баск хэлэнд байдаг" гэжээ. Баск хэл нь Испанийн умард хэсэг, Францын өмнөд хэсэг, Пиренейн уулсын сав газарт суудаг баск үндэстний хэл юм. 2018 оны судалгаагаар дэлхийд  энэ хэлээр ярьдаг 750 мянган хүн байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.