Тайланд улс эрүүл мэндийн аялал жуулчлалын виз олгож эхлэв
Анд нөхдийн мэдээ
2022-11-16
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн аялал жуулчлалд илүү анхаарал хандуулж амжилт олж буй Тайланд улс ирэх оны нэгдүгээр сараас эрүүл мэнд, эмчилгээний зорилгоор ирж буй гадаадын жуулчдад тусгай виз олгох болсон тухай “Bangkok Post” сонин мэдээллээ. Энэхүү тусгай виз нь нэг жилийн дотор хэд дахин орж ирж болох эрхтэй, нэг удаадаа 90 хоног хүртэл оршин сууж болох виз бөгөөд нэг гэр бүлийн гурав хүртэлх хүн үүнд хамрагдаж болох ажээ. Эмчилгээний шаардлагаар 90 хоногоос илүү хугацаанд байх шаардлагатай бол тус улсын Цагаачлалын албанд бүртгүүлээд хугацаагаа сунгах боломжтой. Тус улсын Засгийн газрын албаны хүн “Энэ шинэ төрлийн виз нь эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын нэг хэсэг” хэмээн мэдэгдсэн байна. Тайландын Засгийн газар 2037 он гэхэд улс орноо өндөр хөгжилтэй орны тоонд оруулах 20 жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд өндөр чанартай эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.