images

100 жилийн түүхтэй япон ундааг монгол айрагнаас санаа авч бүтээжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-15


     Японд саяхан болж өнгөрсөн Монгол судлалын хуралд оролцсон эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ тус улсад ихээхэн алдартай “Calpis” хэмээх сүүн ундааны үүслийн талаар сонин зүйл дуулснаа нүүр номдоо өнөөдөр бичсэн байна. Уг ундааг зохион бүтээсэн Мишима Каюны сан тус хурлыг ивээн тэтгэсэн бөгөөд ийнхүү ивээн тэтгэсэн учир нь Мишима бээр одоогоос 100 гаруй жилийн өмнө Өвөр Монголд явж байхдаа энэ ундааг бүтээх санаагаа олсных ажээ. Японд суух өвөр монгол багш Цахар Төвчүүд Байгалийн М.Саруул-Эрдэнэд ярьсныг үзвэл, Орос-Японы дайн эхлэхийн өмнөхөн Мишима Бээжинд лам байжээ. Дайнд хэрэглэх морь Японы армид хэрэгтэй болсноор тэрбээр даалгавар авч Өвөр Монголын Хишигтэн нутагт очсон байна. Тэнд байхдаа гэдэс нь өвдөж нэлээд хэцүүдсэнд монголчууд түүнд айраг өгснийг уутал илааршснаар барахгүй амт, үнэр нь их таалагдаж. 1905 оны дайнд олон япон цэрэг гэдэсний халдварт өвчнөөр үхэхийг үзээд Мишима япон хүн загас идсээр ходоод нь мах боловсруулахдаа муу болсныг ойлгохын зэрэгцээ монголчуудын өгсөн өнөө ундааг санаж явжээ. Ингээд дайн дууссаны дараа Өвөр Монголоос айрагны дээж авч аваачиж, өөрийн зүгээс нэмэх зүйлээ нэмээд “Calpis” ундааг бүтээсэн гэнэ. “Монголоос анх ингэж бизнесийн санаа нь үүдсэн тул ачийг үл мартан, монгол судлалын хурлыг маань дэмжиж буй нь тэр” гэж Байгаль багшийн ярьсныг М.Саруул-Эрдэнэ дурдатгасан байна.

     Өнөөдөр “Calpis” компани нь Японы хүнс үйлдвэрлэлийн салбарын нэг тэргүүлэгч “Asahi Breweries”-ийн охин компани юм. “Calpis” ундааны талаарх албан ёсны түүхийг үзвэл Мишима Хятадад 25-38 нас хүртлээ хийж байсан бизнесээ 1915 онд орхиж Японд очоод ундааны бизнест эргэлт буцалтгүй оржээ. Ашигтай бактери буюу пробиотик агуулсан Японы анхны ундаа гэж албан ёсоор үздэг энэ ундааг тэрбээр ийнхүү монгол айрагнаас санаа авч бүтээгээд 1919 онд зах зээлд гаргасан байна. “Calpis” гэдэг нэрийн cal гэдэг нь кальцийг хэлж буй. Харин pis гэдэг бол идээ ундааны таван амтны нэгийг хэлдэг самгарьд үг аж. Ундааны шошгон дээрх тойроод олон одтой хөх цэнхэр өнгийн хуйларсан дүрслэл нь Тэнгэрийн заадас ажээ. Лактобацилл буюу сүүн хүчлийн бактери агуулсан ундааны зах зээлд өнөөдөр “Calpis” Япондоо тэргүүлдэг төдийгүй дэлхийн олон оронд (“Calpico” нэрээр) борлуулдаг байна. Энэ ундаа мөн албан ёсны дистрибьютороор дамжин Монголын зах зээлд нэвтэрсээр хэдэн жилийн нүүр үзэж байгаа ажээ.        

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.