images

Онгоцны буудалд 18 жил амьдарчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


     Парисын Шарль дө Голлийн нисэх онгоцны буудалд 18 жил амьдарсан Ираны иргэн Мерхан Нассэри өнгөрөгч бямба гарагт таалал төгсчээ. Стивен Спилбэргийн найруулж, Том Хэнксийн тоглосон “The Terminal” киног түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхтэй юм. Мерхан 1977 онд Ираны шах Мохаммэд Резэг эсэргүүцсэний улмаас эх орноосоо хөөгдсөн бөгөөд Европын орнуудаас орогнол хүссэн нь бүтэхгүй явсаар 1981 онд Бельгид оршин суух зөвшөөрөл авсан боловч ээж нь Их Британийн иргэншилтэй тул тэнд амьдрахаар явах замдаа бичиг баримтаа алдсаны улмаас Парист гацсан юм. Улмаар нисэх онгоцны буудалд амьдрах болсон тэрбээр буудлын ажилчид, зорчигчид, сэтгүүлчдийн өгсөн хоол, эд зүйлээр амьдралаа залгуулах болсон юм. 1995 онд Бельгийн эрх баригчид түүнд нутагтаа оршин суух боломжийг дахин олгосон боловч тэрбээр зөвхөн Их Британид очих сонирхолтой тул зөвшөөрөөгүй гэнэ. Франц улс ч түүнд энгийн амьдрах бололцоо олгосныг тэрбээр дээрх шалтгаанаар хүлээж аваагүй юм. 1998 онд өмгөөлөгч нь түүний алдсан бичиг баримтыг олж өгсөн боловч Нассэри нисэх буудлаас явахгүй хэмээн татгалзжээ. 2006 онд Мерхан эмнэлэгт хэвтэж, 2007 онд зочид буудалд байж, 2008 онд буяны байгууллагад амьдарсан боловч тухай бүрд нь нисэх буудалд эргэн ирж байв. Тэрбээр нисэх буудлын нэг буланд өөрийн болгосон буландаа ном уншиж, тэмдэглэл бичиж, эдийн засгийн ухаан судалж өдрийг авдаг байсан гэнэ. Мерхан өнгөрсөн 12-ны өдөр онгоцны буудалд зүрхний шигдээсээр өөд болжээ.            

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.