72 настай эмэгтэй унадаг дугуйгаар 8800 километр зам туулжээ
Анд нөхдийн мэдээ
2022-11-14
Шведийн иргэн 72 настай эмэгтэй Хилдебранд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо олонд хүргэх үүднээс унадаг дугуйгаар тасралтгүй дөрвөн сар явж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурал болж буй Египет улсад хүрч ирсэн тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. 1970-аад оны үеийн “The Muppet Show” хүүхэлдэйн жүжигт гардаг “Miss Piggy”-ийн нэрийг наасан цахилгаан дугуйгаараа өнгөрсөн 7 дугаар сарын 1-нд замд гарсан тэрбээр ийнхүү 4 сарын дараа зорьсон газраа хүрчээ. Өдөрт дунджаар 80 километр явж Европ болон Ойрх Дорнодын 17 улсаар дамжин нийт 8830 километр замыг туулжээ. Германы Кассельд төрсөн тэрээр 1978 онд нөхрөө даган Шведэд ирж суурьшсан бөгөөд насаараа янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж явсаар 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан, одоо “Ирээдүйн төлөөх эмгэд” нэртэй иргэний нийгмийн байгуулагын гишүүнээр ажиллаж цаг уурын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцдэг ажээ. Энэ удаагийн холын аяллын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйд нүүрлэх аюулын талаар тус хуралд оролцож буй дэлхийн удирдагчдын сонорт хүргэх, цаашлаад энэ талаар даруй шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардах зорилготой иржээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийг яг одоо л зогсоох хэрэгтэй. Энэ нь тийм амаргүй ч хойч ирээдүйнхээ төлөө хийхээс өөр аргагүй” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн 11-ний өдөр тэрбээр Египетийн ерөнхийлөгчтэй уулзаад амжсан төдийгүй хамт дугуйгаар явангаа ярилцсан бөгөөд ерөнхийлөгч түүнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй хүмүүсийн тэмцэл хөдөлгөөнийг хориглохгүй гэдэг амлалтыг өгчээ. Энд ирсэн зорилгоо биелүүлсний дараа тус улсын нийслэл Каир хотоор дайран Газар дундын тэнгис хүртэл мөн дугуйгаараа аялаад тэндээсээ усан онгоцоор Израиль болон Грек улсыг зорих төлөвлөгөөтэй байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.