images

Сонгуулийн санал тэнцсэн тохиолдолд шодож шийднэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-14


     Саяхан болж өнгөрсөн АНУ-ын дундын сонгуулийн үеэр зарим нэг сонирхолтой үйл явдлууд болж өнгөрсөн тухай “АВС” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр Кентакки мужийн 600 гаруйхан хүн амтай Бутлер хэмээх жижиг хотын сонгуулиар хотын даргад хоёр нэр дэвшигч өрсөлджээ. Дүн гарахад нэр дэвшигчид яг тэнцүү буюу тус тус 55 хүний санал авсан байжээ. Үүнийг шийдэхийн тулд нэр дэвшигчид харилцан тохиролцож зоос шидэн шодож ялагчаа тодруулахаар болж. Өнөөгийн хотын даргатайгаа өрсөлдөн яг тэнцээд дахин зоос шидэж ялалт байгуулсан нэр дэвшигч Мэйсон Тэйлор “Зоос агаарт эргэлдэн бууж шалан дээр унаад хэдэнтээ эргэлдсэний эцэст миний талаар буусан юм. Төдийд л уртаар амьсгаа авч чадсан шүү. Сэтгэл зүйн хувьд тун амаргүй даваа юм билээ. Одоо мөрийн хөтөлбөртөө амласан амлалтынхаа дагуу бодлого төлөвлөж хотоо удирдах болно” гэжээ. Энэ явдал ганц тэнд болоод өнгөрсөнгүй. Тус мужийн Брекнбриж дүүргийн сонгуульд нэр дэвшсэн Дебора Ноэлдо мөн л 25 центийн зоосны ачаар ялалт байгуулснаа хэлжээ. Сонгуулийн ялагчийг “аз, од”-оор тодруулдаг энэ явдал цаанаа учиртай ажээ. Учир нь сонгуулийн хуулинд ийм заалт байдаг байна. Тодруулбал, тус улсын зарим мужийн сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд хоёр дахь шатны сонгууль хийхгүйгээр сугалааны аргыг хэрэглэх тухай заалттай ажээ. Өнгөрсөн жилийн Мэн мужийн Портлэнд хотын сонгууль, 2017 оны Виржиниа мужийн орон нутгийн сонгуульд санал тэнцсэн нэр дэвшигчдийг мөн ийм аргаар тодруулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.