Америк эмээ 115 насны төрсөн өдрөө тэмдэглэв
Анд нөхдийн мэдээ
2022-11-11
АНУ-ын хамгийн өндөр настай иргэн Бесси Хэндрикс Айова мужийн Солт Лэйк хотын нэгэн асрамжийн газарт 11 дүгээр сарын 7-ны өдөр 115 насны төрсөн өдрөө тэмдэглэв. Түүний төрсөн өдрийн баярт ууган охин 90 настай Жоан Шефер, бага охин Гленда болон хүү Лайон нар хамт байжээ. Тэд “Ээжтэйгээ хамт өтлөх сайхан юм. Бид их жаргалтай байна. Ээж минь насан туршдаа борви бохисхийхгүй хөдөлмөрлөсөн хүн” гэжээ. Гурван хүүхэд нь ээжийнхээ хамгийн дуртай дуу болох "You are my sunshine" дууг дуулж өгчээ. Хүү нь ээжийнхээ талаар “Ээж маань дуунд их дуртай. Тэргэнцэр дээрээ суугаад гадаа гарч салхилангаа дуулдаг юм. Эндхийн хүмүүс ч ээжийг минь дуулахад дуртай байдаг” гэжээ.
Хэндрикс гуай залуугаасаа дунд сургуульд багшлах, хувийн аж ахуй эрхлэхийн зэрэгцээ бараг 90 гаруй жил сүмийн сайн дурын ажилтан хийжээ. 1907 онд төрсөн тэрбээр АНУ-ын 21 ерөнхийлөгчийн нүүр үзэж, дэлхийн хоёр том дайн, эдийн засгийн их хямрал, "Титаник" хөлөг онгоцны сүйрэл зэргийг биеэр туулж, чихээр сонсож өнгөрөөжээ. 1930 онд нөхөртэйгөө танилцан гэрлэж таван хүүхэд төрүүлж, хувийн газар тариалан эрхлэн аж төрж ирсэн бөгөөд 1995 онд нөхөр нь өөд болж, мөн хоёр хүүхэд нь нөгөө ертөнцөд одсон ч сэтгэлээр өөдрөг сайхан явж иржээ. Түүнийг асарч байдаг өрхийн эмч нь ямар ч өвчин хуучгүйг нь гайхаж “Гайхамшигт хатагтай” гэж нэрлэдэг ажээ. Тус улсын Насжилт судлалын хүрээлэнгийн мэдээлснээр Хэндрикс хатагтай тус улсдаа хамгийн өндөр настайд, харин дэлхийд дөрөвдүгээрт орж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.