Долоохыг хориглоно!
Анд нөхдийн мэдээ
2022-11-08
АНУ-ын Байгалийн цогцолборт газрын захиргаа тус цогцолборт газрын нэвтрэх бүсэд “Бах мэлхий долоохыг хориглоно” гэсэн анхааруулга байршуулсан тухай CNN мэдээлжээ. Тус газрын захиргаа өнгөрсөн 2-ны өдөр мөн цахим сүлжээгээр дамжуулан цөлийн бах мэлхийд ойртох, гар хүрэхгүй байхыг анхааруулаад “Энэхүү бах мэлхийн чихний доор маш хүчтэй хор ялгаруулдаг булчирхай байдаг тул уг гар хүрч болохгүй. Мөн түүний хор нь хүний аманд орвол маш аюултай учир долоохыг хориглоно” гэсэн анхааруулга гаргажээ. 17 см хүртэл өсөж томордог энэхүү цөлийн бах мэлхий нь хойд Америкт амьдардаг хамгийн том мэлхий юм. Тэрээр дуу чимээ сул дорой, гаднаас нь харахад номхон дөлгөөн харагдавч нүд чихнийхээ доор, мөн нуруундаа маш хүчтэй хор тээж явдаг ажээ. Нэг мэлхийн тургисан хор нас гүйцсэн өөр нэг мэлхийг хордуулан хөнөөж чадах аюултайг Аризона мужийн музейн ажилтан тайлбарлажээ. Уг бах мэлхийг долоож болохгүй гэсний учир нь хүмүүс түүний хорыг эрүүл мэнддээ тустай байдлаар хэрэглэх гэж оролдох тохиолдол гарах болсноос үүдэлтэй аж. Түүний биедээ тээж явдаг хоронд “5-MeO-DMT” буюу 5-Methoxydimethyltryptamine хэмээх бодис байдаг бөгөөд түүнийг хүн хэрэглэвэл 15-50 минут сэтгэл санаа сэргэж, баяр баясгалан мэдэрдэг ажээ. Түүнээс гадна энэхүү бодис нь хамгийн өндөр мансууруулах чадвартай бодис болох Schedule I-ийн төрөлд хамаардаг байна. Ийм шалтгаанаар сүүлийн үед хүмүүс уг бах мэлхийг долоох тохиолдол их гарч байгаагаас дээрх анхааруулгыг байршуулсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.