Дэлхийн хамгийн том марафон гүйлтийн тэмцээн болов
Анд нөхдийн мэдээ
2022-11-07
Дэлхийн хамгийн том марафон гүйлтийн тэмцээн болох Нью-Йоркийн марафон өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нээлтээ хийлээ. Манхэттэний баруун өмнөд Стетэн арлаас гараагаа эхлэн Брүүклин, Бронкс, Манхэттэн зэрэг 5 дүүргийг дайран "Central Park" цэцэрлэгт хүрээлэнд барианд орох уг тэмцээн нь дэлхийн олон хүний хүсэн хүлээдэг уламжлал болсон марафон юм. 2019 онд буюу цар тахлын өмнөхөн уг тэмцээнд нийт 53600 хүн оролцож байсан нь хамгийн дээд амжилт ажээ. Цар тахлын улмаас гурван жил завсарласны эцэст энэ жил болж буй уг тэмцээнд Итали, Франц, Англи, Герман зэрэг дэлхийн 125 орны тамирчид болон хөгжөөн дэмжигчид оролцлоо. Нийт 43 километр зам туулах уг тэмцээнд зориулж зохион байгуулагчдын зүгээс 93000 литр ундны ус, 1 сая 400 мянган нэг удаагийн хэрэглээний аяга, 62 мянга орчим хөнгөн хуурай хүнс бэлджээ. Зүсэр бороотой өдөр байсан ч хотын иргэд олноор гудамжинд гарч ирэн тэмцээнд оролцогчдыг уухайлан дэмжиж байлаа. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Кени улсын тамирчин Эвонс Чавет 2 цаг 8 минут 41 секундын амжилтаар, эмэгтэйчүүдийн төрөлд мөн Кени улсын тамирчин Сэрон Рокэди 2 цаг 23 минут 23 секундын амжилтаар тус тус тэргүүн байр эзэллээ. Эвонс Чавет өнгөрсөн 3 дугаар сард болсон Бостоны марафонд мөн тэргүүн байр эзэлж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.