Дэлхийн хамгийн урт галт тэрэг Альпийн нуруугаар давхив
Анд нөхдийн мэдээ
2022-11-01
Швейцарь улс энэ жил тус нутагт төмөр зам үүсэн байгуулагдсаны 175 жилийг тохиолдуулан 100 вагон холбосон, нийт 1906 метрийн урттай, 1990 тонны жинтэй дэлхийн хамгийн урт галт тэргийг анх удаа замд гаргав. CNN-ийн мэдээлснээр өнгөрсөн сарын 30-ны өдөр Швейцарийн төмөр замын “Rhaetian Railway” компанийн уг галт тэрэг долоон жолоочтойгоор тус нутгийн зүүн бүсийн Албула чиглэлийн 25 километр замыг нэг цагт туулжээ. Энэ газар бол ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн, ер бусын тогтоцтой үзэсгэлэнт газар юм. Галт тэрэг далайн түвшнээс дээш 1788 метрийн өндөрт орших Фреда нуруунаас 999 метрт орших Албаню хүртэл огцом уруудан мурийж тахиралдсан зам болон өндөрт өргөгдсөн гүүр, уулын нүхэн гарц зэргийг туулж гарчээ. Албула чиглэлийн замын хамгийн оргил хэсэг нь уулын гүнийг нэвтлэн гардаг 5866 метрийн урттай уулын нүхэн зам юм. Галт тэрэгний ахлах машинист Андрэ Крамер “Бид замынхаа огцом эргэлт, налуу зэргийг сайн мэднэ. Бидний долоон жолооч хурдаа яг ижил хэмжээнд барьж, яг нэг хүн шиг үйлдэл хийх ёстой байдаг” хэмээн ярьжээ. Тэд хоорондоо нарийн зохион байгуулалтанд орж дээд хурдаа 35 км/цагаар хязгаарлаж явсан байна. “Rhaetian Railway” компанийн захирал “Швейцарь улсын төмөр зам бол дэлхийн хаана ч байхгүй онцлогтой салбар юм. Энэ жил манай улсын төмөр замын байгууллагын 175 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид цаашид хүн төрөлхтний түүхэнд төмөр замаар урд өмнө нь явж байгаагүй тийм шинэ гарцыг нээх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.