Энэтхэг гаралтай хүн Их Британийн ерөнхий сайд болов
Анд нөхдийн мэдээ
2022-10-25
Өчигдөр болсон Английн Консерватив намын даргын сонгуульд өдгөө 42 настай Риши Сунак ялалт байгуулав. 10 дугаар сарын 20-нд өмнөх ерөнхий сайд Лиз Трасс огцорсны дараа эрх баригч намын даргын төлөөх өрсөлдөөн эхэлсэн боловч нэр дэвшигч Борис Жонсон, Пэнни Мордонт нар явцын дунд нэрээ татсанаар Риши Сунак намын дарга болох нь өчигдөр тодорхой болсон юм. Эрх баригч намын дарга ерөнхий сайд болдог тул тэрбээр ийнхүү Их Британийн 79 дэх ерөнхий сайд болж байна. Тус улсад сүүлийн 310 жилд ийм залуу ерөнхий сайд байгаагүй бөгөөд тэрбээр шинэ албаа өнөөдөр албан ёсоор хүлээн авна.
Р.Сунак 1980 онд Саутхэмптонд эмч, эмийн санч нарын гэр бүлд төрсөн. Пенжаб гаралтай эцэг эх нь Зүүн Африкаас Англид цагаачилж ирсэн бол өвөө эмээ нь колонийн үед Энэтхэгээс Африкт очсон хүмүүс ажээ. Тэрбээр Винчестер коллеж, Оксфордын их сургууль төгссөн бол хожим Стэнфордын их сургуульд мастерын зэрэг хамгаалсныхаа дараа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр нэг тэрбум долларын эргэлттэй хөрөнгө оруулалтын компанийг байгуулж байжээ. 2015 онд тойргийн парламентын сонгуульд анх ялснаар улс төрд орж ирсэн бөгөөд 2020 онд Борис Жонсоны Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байв. Их Британийн баячуудын жагсаалтад энэ онд 222 дугаарт бичигдсэн бөгөөд 730 сая паундын хөрөнгөтөй ажээ. Тус улсын дээд түвшний улс төрчдийн дунд түүн шиг ийм их хөрөнгөтэй хүн одоогоор байхгүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.