Монголын “Боинг” Гуанжоуд буув
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Монголын МИАТ компанийн “Boeing 737 MAX” онгоц Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотод буусан нь энэ загварын онгоцыг Хятадад гурван жилийн дараа анх удаа хүлээн авсан явдал болов. Энэ нь Хятадын тал зорчигч тээврийн “Boeing 737 MAX” онгоцыг 2019 оны 3 дугаар сараас хойш нутагтаа буулгаагүй гэсэн үг юм. 2018 онд Индонез, 2019 онд Этиопт болсон ослын улмаас “Boeing” комдпанийн энэ загварыг Хятад, АНУ, Европын олон орон ашиглах, агаарын орон зайдаа нэвтрүүлэхээс татгалзсан юм. 2020 онд “Boeing” компани болон АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас явуулсан хяналт, шалгалт, туршилтын үр дүнд энэ онгоцны ашиглалт олон улсад эргэн сэргэсэн боловч Хятад улс өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй хэвээр байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадаас авч буй анхны “Boeing 737 MAX” онгоц нь Монголын МИАТ компанийн OM235 дугаар бүхий энэ нислэг болжээ. МИАТ компани энэ төрлийн агаарын хөлгөөр БНХАУ-д нислэг үйлдэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг өнгөрөгч 8 дугаар сард Монгол, БНХАУ-ын холбогдох байгууллагаас авснаар энэ нислэгийг үйлдсэн байна. МИАТ компанийн энэ хөлөг үүнээс өмнө Тунис улсын “Tunisia Air” компанид нойтон түрээсийн гэрээгээр Франц, Бельги, Герман, Испани, Австри, Турк, Швейцарийн 16 хотод нислэг үйлдэж байсан юм. Хятадын агаарын тээврийн компаниуд “737 MAX” онгоцыг эргүүлэн ашиглах эсэхээ илэрхийлээгүй байгаа боловч АНУ-ын “Boeing” компани зарим онгоцоо Хятадын зах зээлд дахин гаргана гэсэн утгатай мэдэгдэл саяхан хийсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.