Этиоп эмэгтэй Өвөрхангайд оёдлын цех ажиллуулж байна
Чихэнд чимэгтэй
2022-10-19
Этиоп улсын иргэн, 38 настай Габриэль Усамо хэмээх эмэгтэй Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод гурав дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр Италийн Милан хотод төвтэй католик шашны “Consolata Missionaries” байгууллагын гэлэнмаа бөгөөд бусад хоёр гэлэнмаагийн хамтаар Монголд ирж, гурав дахь жилдээ ажиллаж байгаа нь энэ юм. Арвайхээр хотод тэдний байгуулсан оёдлын цехэд өнөөдөр 16 эмэгтэй ажиллаж байна. Гэлэнмаа нар тэднийг шаардлагатай эд материалаар хангаж, улмаар оёж хатгасан гар эдлэлийг нь худалдан авч бусдад үнэгүй түгээдэг гэнэ. Мөн хүүхдийн үнэ төлбөргүй цэцэрлэг, дөрвөн улиралд ажилладаг мөн үнэгүй халуун ус байгуулжээ. “Монголын ёс заншилд манай Этиопийнхтой төстэй зүйл их бий. Тухайлбал этиопчууд хүндэт зочиндоо юуны түрүүнд цай, кофе амсуулдаг бол монголчууд мөнгөн аягатай сүү хоёр гардан барьдаг” хэмээн Т.Усамо www.globalsistersreport.org сайтад ярьжээ. Тэрбээр Монголыг анх зорихдоо хүйтэн газар гэдгийг нь мэдэж байсан боловч ийм их хүйтэн гэж ер бодоогүй аж. Түүний хувьд шинэ газар ирээд хамгийн хэцүү нь энэ байсан бөгөөд анхандаа тэсэшгүй санагдаж байсан боловч одоо дассан гэнэ. Хэдийгээр шашин соёл өөр боловч монголчуудын уламжлалт ёс заншлыг хүндэтгэн үздэгээ тэрбээр мөн ярьжээ. Тэрбээр монгол хэл сурахаар тусгай сургалтанд сууж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.