Азийнханд зориулсан “ChimeTV” Америкт нээлтээ хийлээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-27
Ази гаралтай америкчуудад зориулсан англи хэл дээрх анхны телевизийн суваг “ChimeTV” АНУ-ын Лос Анжелес хот дахь Япон-Америкийн Үндэсний музейд 1 дүгээр сарын 21-нд нээлтээ хийжээ. Уг телевиз 1 дүгээр сарын 23-наас АНУ-ын 41 мужийн 10 сая хэрэглэгчид “Spectrum TV” кабелиар дамжин хүрч эхэлсэн байна. Улмаар тус телевизийн захирал Фэйт Баутисда нь АНУ-д телевиз эзэмшиж буй анхны ази гаралтай эмэгтэй боллоо. Тэрбээр телевизийн суваг үүсгэн байгуулсан гол зорилго нь Азийн орнуудын cоёл уламжлалыг сурталчлах, ази гаралтай иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэх явдал бөгөөд энэ ажлыг кино урлаг, дуу хөгжим, ахуй амьдрал, аялал жуулчлал, хоолны соёл, спорт, баримтат кино, анимэйшн төрлийн нэвтрүүлгээр хүргэхээр шийджээ. Одоогийн байдлаар АНУ-д Азийн 20 гаруй улсын 22 сая орчим иргэн амьдарч буй бөгөөд энэ нь хүн амынх нь долоо орчим хувийг эзэлдэг ажээ. Мөн тэдний дийлэнх нь Калифорни, Нью-Йорк, Техас, Хавай мужуудад амьдардаг байна. Сонирхуулахад, нээлтийн ёслолд Монгол, Япон, Филиппин, Тайланд, Сингапур, Камбожийн дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Лөү, сенатор Жош Ньюмэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Жоржэт Фүрүкава, Калифорни муж, Рөүзмэд, Аркадиа, Сан Габриэл хотын удирдлага зэрэг нийт 400 гаруй зочин оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.