Навальныйг дэмжигчид Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө жагсаал хийв
Анд нөхдийн мэдээ
2023-01-25
Владимир Путины улс төрийн өрсөлдөгч гэгддэг Оросын сөрөг хүчний идэвхтэн Алексей Навальныйг дэмжигчид өчигдөр Германы нийслэл Берлин дэх ОХУ-ын элчин сайдын яамны өмнө Навальныйн хоригдож буй шоронгийн өрөөний загварыг байрлуулж эсэргүүцлээ илэрхийлээд, олон улсын байгууллагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг уриалав. “АР” агентлагийн мэдээлснээр түүний хоригдож буй 2,5 метр өргөн, 3 метр урттай шоронгийн өрөөний загварыг зохион бүтээхэд Навальныйн дүү Олег Навальный оролцсон байна. Энэхүү загвар өрөөг Орос Украин руу довтлохын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 23 хүртэл үзүүлэх бөгөөд 24 цагийн турш зочдод нээлттэй байх ажээ. Навальный нь 2011 онд байгуулсан Авлигатай тэмцэх сангаараа дамжуулан Оросын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илчилсэн юм. Тэрбээр 2020 онд онгоцоор нисэж яваад хордсоны улмаас Германд очин эмчлүүлж байгаад 2021 онд эх орондоо буцаж ирэхэд нь ОХУ-ын эрх баригчид баривчилсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард залилан мэхэлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн зэрэг зүйл ангиудыг нэмж, 9 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Одоо тэрбээр Москвагаас 230 км-ийн зайд орших Владимир хотод хоригдож байгаа ажээ. Жагсагчид ОХУ-д одоо хоригдож байгаа бүх улс төрийн хоригдлыг суллаж, ерөнхийлөгч Путиныг дайны гэмт хэргээр шүүхэд татахыг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.