images

Египет хүүхдийн занданшуулсан шарилаас алтан сахиуснууд олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-25


     2300 жилийн өмнө нас барсан египет хүүгийн занданшуулсан шарилыг компьютерийн томограф ашиглан шинжилж үзэхэд алтаар чимэглэсэн олон арван сахиус олдсон тухай CNN мэдээлэв. Энэхүү "алтан хүү"-гийн шарил нь анх 1916 онд Наг эль-Хасай хэмээх оршуулгын газарт малтлага хийхэд олдсон бөгөөд цаг үеийн хувьд МЭӨ 332-30 оны үед хамаарна гэж үзжээ. Гэвч түүнээс хойш нарийвчилсан судалгаа хийгдэлгүй музейд хадгалагдаж байсан аж. Харин саяхан уг занданшуулсан шарилын дотор талыг шинэ технологи ашиглан компьютер томографын аргаар судалснаар “алтан хүү”-гийн дүр төрх дэлхий нийтэд ил болсон байна. Энэ шарилыг хоёр давхар авсанд оршоосон байсан бөгөөд дотор талын модон авсан дээр алтаар хүний нүүр сийлсэн байжээ. Хүү нас барах үедээ 14-15 настай, 128 см орчим өндөртэй байсан нь тогтоогджээ. Томографын шинжилгээгээр хүүгийн ам, цээжний хөндийд нийт 21 янзын хэлбэр дүрс бүхий 49 ширхэг сахиус байгаа нь илэрсэн байна. Тэдгээрийн ихэнх нь алтаар бүтээгдсэн бөгөөд зарим нь чулуу, шавар, ваараар урлажээ. Каирын их сургуулийн профессор Сахар Салим хүүгийн цогцосноос олдсон сахиусны тухайд "Эртний египетчүүдийн заншил ёсоор хойд насанд нь алив барцадаас хамгаалж, эрч хүч өгөх зорилготой” гэж тайлбарласан байна. Занданшуулсан шарилыг Египетийн музейд томограф дүрсний хамт тавигджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.