Саран дээрээс авчирсан хөрсний судалгааны дүнг хэлэлцэв
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
Хятадын Үндэсний сансар судлалын газраас “Chang’e-5” хөлгийн саран дээрээс авчирсан дээжид 50 гаруй судалгаа хийж гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлсэн тухай зарлав. Тус хөлгийг 2020 оны 11 дүгээр сард хөөргөсөн бөгөөд саран дээр 23 хоног байрлаж 1731 грамм хөрс, чулууны дээж авчраад тухайн оны 12 дугаар сард Өвөр Монголд газардсан юм. Улмаар АНУ-ын “Apollo”, ЗХУ-ын “Луна”-гаас хойш 40 гаруй жилийн дараа саран дээр очсон анхны судалгааны хөлөг болсон билээ. Харин 2021 оны 7 дугаар сарын 12-нд Хятадын эрдэмтэд сарнаас авчирсан 65.1 грамм дээжийг анхлан хүлээн авснаар судалгааны байгууллагуудад дээжийг таван багцаар хуваарилж, судалгааг эхлүүлжээ. Ийнхүү өнгөрсөн даваа гарагт “Chang’e-5” хөлгийн авчирсан дээжийн судалгааны үр дүнгийн семинарыг хийж, 150 гаруй эрдэмтэн судлаач оролцсон байна. Судлаачид сарны хөрсний дээжийн шинж чанар, галт уулын идэвхжлийн түүх, сарны гадаргуу дээрх солирын нөлөө зэрэг өргөн сэдвээр хэлэлцжээ. Семинарт хэлэлцсэн анхаарал татахуйц судалгаануудын нэг нь сарны гадаргуу дээрх галт уулын дэлбэрэлтийн түүх байв. Уг судалгааг Хятадын ШУА-ын Геологи, геофизикийн хүрээлэнгийн судалгааны баг хийжээ. Тухайлбал, саран дээрх хамгийн залуу хад ойролцоогоор хоёр тэрбум жилийн настай болохыг, галт уулын дэлбэрэлтийн түүх одоо мэдэгдэж байгаагаас 800-900 сая жилээр урагшлахыг тогтоосон байна. Мөн 2022 оны 9 дүгээр сард судлаачид сарны дээжээс шинэ эрдэс бодис олсноо зарласан юм. Энэ нь Хятадын эрдэмтдийн тогтоосон анхны, хүн төрөлхтний тогтоосон зургаа дахь шинэ минерал байв. Улмаар шинэ эрдсийг Changesite-(Y) хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь өнгөгүй тунгалаг талст болорын төрлийн чулуу аж. Түүнчлэн 12 дугаар сард саран дээрх усны нөөцийн тухай судалгаа нийтлэгдсэн байна. Улмаар судлаачид саран дээр илүү их усны нөөц бий хэмээн таамаглажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.