Нобелийн шагналт сэтгүүлчийг Филиппиний шүүх цагаатгалаа
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
Хоёр жилийн өмнө Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Филиппиний сэтгүүлч, 59 настай Мария Леса татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээр орж цагааджээ. Филиппиний шүүх Леса болон түүний үүсгэн байгуулсан "Раффлер" эрэн сурвалжлах цахим мэдээллийн хэрэгслийн татвараас зайлсхийсэн хэргийг шүүж үзээд ийм шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрбээр "Энэ шийдвэр нь зөвхөн “Раффлер”-т төдийгүй гэм зэмгүй буруутгагдсан Филиппиний иргэдэд ч хамаатай. Үнэн, шударга ёс яллаа" гэжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгч болон эрх баригчдыг хатуу шүүмжилж ирсэн юм. Түүнийг ерөнхийлөгч Родриго Дутертегийн засгийн газар татвараас зайлсхийсэн, гадаадын хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн зэрэг найман зүйл ангиар шүүхэд өгсөн байжээ. Мөн түүнийг 2012 онд бичсэн нийтлэлээрээ нэр бүхий бизнесмэнийг гүтгэсэн хэргээр буруутгаж, 2020 онд зургаан жилийн хорих ял оноосон ажээ. Улмаар шүүхээс түүнийг батлан даалтад гаргасан ч тэрбээр давж заалдсан байна. АНУ, Филиппиний давхар иргэншилтэй Лесаг өнгөрсөн 12 дугаар сард үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Оросын сэтгүүлч Дмитрий Муратовын хамтаар Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.