images

83 настай франц эрдэмтэн монгол-франц толь бүтээж байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-01-18


   Францын монголч эрдэмтэн Робэрт Амаёон өчигдөр Монгол улсаас Франц улсад суугаа Элчин сайд У.Нямхүүд бараалхаж, шинээр бүтээж буй “Монгол-Франц хэлний толь бичиг”-ийнхээ ажлын явцыг танилцуулжээ. Одоогоор “Д” үсгийн толгой боть нь бэлэн болоод буй энэ толь бичгийг бүтээх ажилд Монголын талаас академич Ц.Төмөртогоо, доктор, профессор С.Дулам нарын нэртэй эрдэмтэд, залуу судлаачид оролцож байгаа юм. Сонирхолтой нь Улаанбаатар хотноо олон жил ажиллаж буй утга зохиолын орчуулагч, хэл шинжээч, санваартан Пьер Палуссьэр энэ толийн ажилд Францын талаас зохиогчтой хамтран оролцож байгаа гэнэ. Энэ хоёр хэлний толь бичиг өмнө нь том, бага хэмжээгээр олонтаа гарч байсан боловч энэ удаагийнх шиг ийм дэлгэрэнгүй нарийвчилсан судалгаа, жишээ, эх сурвалж бүхий олон ботиор хэвлэгдэж байгаагүй бөгөөд хэл шинжлэлийн онцгой шилдэг бүтээл болж байгааг Элчин сайд У.Нямхүү онцлон талархсан байна. Толь бичгийг бүтээхэд XIX зууны эхэн үеийн нэрт монголч эрдэмтэн, Өрнийн монгол судлалыг үндэслэгчдийн нэг Осип Ковалевскийн “Франц-Монгол толь”, Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”, А.Лувсандэндэвийн “Орос-Монгол”, Жак Легран, Ц.Сүхбаатар нарын “Франц-Монгол толь” зэрэг олон толь бичиг, судалгааны ажлыг ашиглаж байгаа ажээ.

     Хатагтай Робэрт Амаёон нь нэртэй монголч эрдэмтэн, угсаатны зүйч бөгөөд 150 жилийн түүхтэй “École pratique des hautes études” сургуулийн профессор юм. Түүний судалгааны үндсэн чиглэл нь Сибирийн жижиг үндэстнүүд болон монгол үндэстний уламжлалт шашин, түүний дотор бөө мөргөл судлал ажээ. Өдгөө 83 настай тэрбээр 1958 онд Сорбонны их сургуульд хэл зүй, үндэстэн судлаач мэргэжил эзэмшээд анхны докторын зэргээ 1973 онд Парисын их сургуульд “Монгол хэлний дүрмийн зарим элемент” сэдвээр, хоёр дахь докторын зэргээ 1988 онд мөн сургуульд “Монголын бөөгийн шашин судлал”-аар хамгаалсан байна. Зураг дээр Элчин сайд У.Нямхүүд танилцуулж буй боть нь тус толийн зөвхөн “Д” үсгийн боть ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.