Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинээр томилогдсон Хятадын Гадаад хэргийн сайдтай утсаар ярьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-18
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар саяхан томилогдсон Цинь Гантай утсаар ярьж, хоёр харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Сайд Б.Батцэцэг Цинь Ганд сайдын албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан бөгөөд 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болсныг онцлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд тусгасан “Үндэсний урлагийн их театр”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв”, “Цөлжилттэй тэмцэх судалгааны төв” зэрэг ажлуудыг эрчимтэй урагшлуулах талаар хоёр сайд мөн ярилцжээ. Ярианы төгсгөлд сайд Б.Батцэцэг сайд Цинь Ган болон Хятадын Гадаад хэргийн яамны нийт хамт олонд удахгүй болох Хятадын Хаврын баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.