38 сая жилийн настай цэцгийн төрөл зүйлийг тогтоов
Анд нөхдийн мэдээ
2023-01-16
38 сая жилийн өмнө Хойд Европын Балтийн тэнгисийн шилмүүст ойд давирхайд хучигдсан цэцэг 150 жилийн дараа шинжлэх ухааны нэртэй болжээ. “CNN”-ий мэдээлснээр модны давирхай хуралдаж үүссэн тунгалаг хув дотор хадгалагдсан энэхүү цэцгийг анх 1872 онд Оросын Калининград хотын эм зүйч Ковалевский олж илрүүлсэн байна. Тухайн үед ихэд ховордсон Stewartia хэмээх мөнх ногоон модны овгийн ангилалд энэ цэцгийг багтана гэж үзээд Германы Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн X4088 гэсэн сорьцын дугаар өгсөн бөгөөд түүнээс хойш бараг мартагдсан байна. Ингээд 150 жилийн дараа Берлиний Байгалийн түүхийн музейн палеонтологич доктор Ева-Мария Садовски энэхүү цэцгийг судалжээ. Шар хув дотор хадгалагдсан энэхүү цэцэг нь 2.8 см орчим өндөр буюу бусад ийм цэцгээс гурав дахин том хэмжээтэй байсан аж. Хув дотор хадгалагдсан олдворууд палеонтологийн үнэ цэнтэй олдвор болдог ажээ. Доктор Садовски хувын гадаргууг хусуураар хусаж уг цэцгийн өчүүхэн хэсгийг гарган аваад өндөр хүчин чадалтай микроскопоор шинжилж үзсэн байна. Шинжилгээний дүнд энэхүү цэцэг нь Европт устаж үгүй болсон бөгөөд Азид ургадаг Symplocos төрлийн ургамал гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Судалгааны үр дүнг “Scientific Reports” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.