Андерсений нэрэмжит шагналын шүүгчдийн зөвлөлийн дарга албан тушаалаасаа огцров
Анд нөхдийн мэдээ
2023-01-11
Хүүхдийн уран зохиолын Ханс Кристиан Андерсений нэрэмжит шагналын шүүгчдийн зөвлөлийн дарга, ОХУ-ын иргэн Анастасия Архиповаг Украины дайныг алдаршуулсан үйл ажиллагаанд оролцсоных нь төлөө албан тушаалаас нь огцруулах шаардлага тавьсны үр дүнд тэрбээр өчигдөр өөрөө огцрохоо мэдэгдсэн байна. 19 дүгээр зууны Данийн үлгэрийн зохиолч Х.К.Андерсений нэрэмжит шагнал нь хүүхдийн уран зохиолын Нобелийн шагнал гэж нэрлэгддэг бөгөөд Олон улсын хүүхэд залуучуудын номын зөвлөл энэхүү шагналын үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ. Уг шагнал нь хоёр жил тутамд хүүхдийн уран зохиолд жинтэй хувь нэмэр оруулсан нэг зохиолч, нэг номын зураачийг шалгаруулдаг юм. А.Архипова өнгөрсөн оны есдүгээр сард Андерсений 2024 оны шагналын шүүгчдийн зөвлөлийн даргаар сонгогджээ. Түүнийг сонгогдох үед ямар нэгэн эсэргүүцэл гараагүй хэдий ч дараа нь зарим гишүүн орнууд түүнийг өөрийн улс дахь үйл ажиллагаанаас нь шалтгаалж огцруулах хүсэлт гаргаж байсан байна. Түүнийг Оросын зураачдын холбооны Москва дахь төлөөлөгчийн газрын удирдах зөвлөлийн гишүүнийхээ хувиар тус улсын Украинд хийж буй түрэмгийллийг алдаршуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гэж зарим гишүүн орнуудын төлөөлөл үзжээ. Үнэхээр Оросын уран бүтээлчдийн холбоо өнгөрсөн жил Украины дайнд оролцохыг уриалсан агуулга бүхий уран зургийн уралдаан зохион байгуулсан байна. Үүний хариуд Швед, Финланд, Дани болон Балтийн гурван улс түүнийг огцрохыг шаардаж, "Шүүгчдийн зөвлөлийн дарга Архиповагийн үйл ажиллагаа нь дэлхийн нэр хүндтэй хүүхдийн уран зохиолын шагналын шүүгчдийн хороог удирдах нэр хүндтэй үүрэгт тэнцэхгүй байна" гэж мэдэгджээ. Мөн үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Данийн хатан хаан Маргрете II Андерсений шагналыг ивээн тэтгэхээсээ татгалзсан байна. Архипова огцрохоо мэдэгдэнгүүт Олон улсын хүүхэд залуучуудын номын зөвлөл Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хийж, огцрох өргөдлийг нь хүлээн авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.