Оросын кино жүжигчин дайнд оролцох шаардлагатай бол Украины талд тулалдана гэж мэдэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-10
Украины дайныг шүүмжилж, эх орныхоо эсрэг үйлдэл хийсэн гэх хэргээр ОХУ-ын нэртэй жүжигчнийг тус улсын хүчний байгууллага шалгаж эхэлжээ. Тус улсын Холбооны Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин мэдэгдэхдээ кино жүжигчин Артур Смольяниновын хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэх тушаал өгсөн тухайгаа хэлсэн байна. “AP” агентлагийн мэдээлснээр, А.Смольянинов Барууны хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын засгийн газрын эсрэг хэд хэдэн мэдэгдэл хийсэн гэж Мөрдөн байцаах хороо онцолжээ. А.Смольянинов Украины дайн эхэлсний дараахан гадаад руу дүрвэсэн бөгөөд гадаадын хэвлэлд хэд хэдэн ярилцлага өгч, уг дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Долоо хоногийн өмнө тэрбээр “Новая газета Европа” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ би дайнд оролцох шаардлагатай бол Украины талд тулалдана” гэж хэлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков А.Смольяниновын хэлсэн үгийг онцолж "Холбогдох мөрдөн байцаах байгууллагууд түүний ярьсан дээрх үгсийг анхааралдаа авах ёстой" гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.