Япон улс хилийн дэглэмээ дахин өөрчилж чангатгалаа
Анд нөхдийн мэдээ
2023-01-09
Хятадад короновирусийн тархалт эрс нэмэгдсэн тул Япон улс 12 дугаар сарын 30-наас мөрдөж эхэлсэн хилээр нэвтрүүлэх дүрмээ дахин өөрчиллөө. Учир нь, Хятадаас ирж буй зочигчдын олонхоос халдвар илэрсэн байна. Тиймээс Японы хилийн шинэ дэглэм 1 дүгээр сарын 8-ны шөнө дундаас буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Үүнд, Хятадад сүүлийн долоо хоногт зорчсон болон шууд нислэгээр ирсэн бүх иргэд PCR шинжилгээ заавал хийлгэнэ. Ингэхдээ зөвхөн өндөр нарийвчлалтай PCR шинжилгээг л хийлгэх ёстой ажээ. Мөн Хятадаас шууд нислэгээр ирж буй зорчигчид гурван удаа вакцин тариулсан гэрчилгээгээ авчирвал 72 цагийн дотор хийсэн PCR шинжилгээний сөрөг гарсан хариугаа заавал авч ирэх үүргээс чөлөөлөгдөхөө больсон байна. Ингэснээр Хятадаас ирсэн хүн бүр онгоцонд суухаас өмнө 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай нотлох баримттай байх шаардлагатай боллоо. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд долоо хоног тусгаарлах ажээ. Улмаар агаарын тээврийн компаниудыг Хятад руу хийх нислэгээ нэмэхгүй байхыг үүрэг болголоо. Мөн эх газрын Хятадаас ирэх болон буцах нислэгт Нарита, Ханеда, Кансай, Чүбү гэсэн дөрвөн олон улсын онгоцны буудлыг ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин Хонконг, Макаогийн шууд нислэг энэхүү хязгаарлалтад хамаарахгүй аж. Энэ тухай Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида 1 дүгээр сарын 4-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Хилийн горимд өөрчлөлт оруулж байгаа ч аялал жуулчлалыг үргэлжлүүлэн дэмжинэ. Японд зорчих гадаадын жуулчдаас ордог таван их наяд гаруй иенийн зах зээлийг илүү хурдтай, шуурхай босгохыг зорьж, нэгдсэн бодлогын хүрээнд гарч буй санал, санаачилгыг дэмжих болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.