Испанийн уулчин Алекс Тикон 8163 метр өндөр Манаслу оргилд гарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-01-06
Испанийн уулчин 41 настай Алекс Тикон Балбын зургаан ширваагийн хамт Балба, Төвөдийн хил дээр орших Гималайн нурууны салбар 8163 метр өндөр Манаслу оргилд өнөө өглөө амжилттай гарсан байна. Ширваа гэдэг нь тухайн орон нутгийн ууланд авирах өндөр ур чадвартай хөтөч буюу гадаадын уулчны авирах маршрутыг гаргаж, олсыг нь байрлуулж бэхлэн, авирахад хэрэгтэй тусламжийн багцыг авч явдаг иргэд юм. Харин уулчин Алекс Тикон нь дэлхийн хамгийн өндөр 14 уулсын 11-д нь амжилттай авирсан нэгэн билээ. Түүний авирсан 11 уул нь бүгд 8000 метрээс дээш өндөр ажээ. Түүний ид өвлийн хүйтэнд Манаслу оргилд гарах авиралт хийсэн нь тун зориг шаардсан алхам бөгөөд энэ тухай Чан Даваа ширваа “Өдийг хүртэл Манаслуд өвлийн таван экспедиц хүлээн авч 22 хүн оргилд нь амжилттай гарч байсан” гэжээ. Мөн сүүлийн 20 жил тус оргилд өвлийн улиралд авираагүй бөгөөд Алекс Тикон гуравдах удаагийн оролдлогоороо ийнхүү оргилд нь хүрсэн байна. Манаслу бол дэлхийн найм дахь хамгийн өндөр оргил юм. Энэ оргилд 2019 оны 9 дүгээр сарын 25-нд Монголын уулчин Б.Батболд гарч байлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.